Энэтхэгийн алдарт бизнесмэн, тэрбумтан, Форбес сэтгүүлийн нэрлэсэн баячуудын тоонд багтдаг Мукеш Амбанигийн хүү 28 настай Анант Амбанигийн хурим өчигдөр буюу баасан гарагт сүр дуулиантай эхэлсэн. Нийт гурван өдөр үргэлжлэх хуримын ёслолд 1200 гаруй зочид ирэх сурагтай байгаа бөгөөд зочдын дунд Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Рианна зэрэг алдартнууд багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Мөн Энэтхэгийн тэрбумтнууд, Болливудын одод, Катар, Канадын ерөнхий сайд, Бутаны хаан тэргүүтэй дипломат зочид ч багтах аж.
Хурим Энэтхэгийн Гужарат муж дахь Жамнагар хотод болох ба Мукеш Амбани гэх эрхмийн газрын тос боловсруулах гол үйлдвэр болох "Reliance Industries" тус хотод оршдог. Үүнээс гадна тус гэр бүлийн ажиллуулдаг "Вантара" нэртэй 3000 га талбайг хамарсан амьтдыг асрах төв байдаг ба гэмтсэн, хүчирхийлэлд өртсөн, ховордсон амьтдыг асран хамгаалж, байрлуулдаг аж. Хуримын зочид уг төвөөр зочлох ба ингэхдээ ширэнгэн ойн сэдэвтэй хувцас өмсч очих болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Сүйт залуу Анант Амбани удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Радика Мерчанттайгаа гэрлэж байгаа ба сүйт бүсгүй нь "Encore Healthcare" компанийн гүйцэтгэх захирлын охин юм.
Эх сурвалж: The economic times