Монголын сагсан бөмбөгийн 3х3 багийг С.Тулгын оронд Канад мэргэжилтэн Стив Сер дасгалжуулна

Монголын сагсан бөмбөгийн 3х3 багийг С.Тулгын оронд Канад мэргэжилтэн Стив Сер дасгалжуулна

Парисын олимпын эрх олгох эхний тэмцээн ирэх сарын 12-нд Хонконгт болно. Үүнээс өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхлэх юм. Эдгээр тэмцээнд Монголын багийг канад мэргэжилтэн Стив Сер удирдахаар болжээ.

Өдгөө 41 настай түүний хувьд “Улаанбаатар ММС Энержи” багийн тоглогч байсан бөгөөд өнгөрсөн 3х3 сагсан бөмбөгийн улирлаас эхлэн дасгалжуулагчийн албыг давхар хаших болсон юм. Түүний удирдлага дор Улаанбаатар “ММС Энержи” баг Шанхайн мастерст түрүүлж, түүхэн амжилтаа үзүүлсэн билээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын чансаа унаж, “Улаанбаатар ММС Энержи” клуб X, “Сансар ММС Энержи”  XXII байр луу уруудсан юм. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эхний даваа нь Азийн аварга. Багийн гол тамирчин Э.Дөлгөөн саяхан Солонгост шагайны бэртлээ эмчлүүлсэн бол, Д.Дэлгэрнямын бугуйны зовуурь одоог хүртэл бүрэн эдгээгүй байгаа. Харин А.Ананд, О.Энхбаатар нарын тухайд бэртэл гэмтэл нь эдгэрсэн сайн мэдээтэй байна. Сонирхуулахад Өнгөрсөн жил Монголын шигшээ Азийн аваргад түрүүлэхэд гавьяат дасгалжуулагч С.Тулга удирдаж байсан билээ.