О.Хулан: Монгол тамирчид мэргэжлийн тамирчин болоход биеийн хөгжил дутдаг. Ялгаагаа нөхөхийн тулд тэднээс илүү хичээх шаардлагатай болдог /ВИДЕО/

О.Хулан: Монгол тамирчид мэргэжлийн тамирчин болоход биеийн хөгжил дутдаг. Ялгаагаа нөхөхийн тулд тэднээс илүү хичээх шаардлагатай болдог /ВИДЕО/

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид монголоос анх удаа олимпийн наадамд оролцож, бахархлыг төрүүлж өөрсдийн нөр их хөдөлмөрийн үр шимийг дэлхий дахинд харуулж чадсан баг хамт олон юм. Тэднийг дэлхийн хэмжээнд амжилт үзүүлсэн монголын анхны багийн спортын тамирчид гэж хэлж болно. Үнэмлэхүй амжилтыг үзүүлж яваа энэ охид хамгийн сүүлд л гэхэд Ханжоу Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ.

Дэлхий нийтийн спортын паналистууд монголыг 3х3 сагсан бөмбөгийн тамирчдаар дөнгөж мэдэж эхэлж байна. Тэрхүү мундаг баг хамт олныг манлайлан яваа тамирчин бол яах аргагүй Онолбаатарын Хулан. Тэрбээр монголын шигшээ багт багтаж, 2020 оны олимпоос эхлээд дэлхийн чансаатай олон тэмээнд оролцож өөрсдийгөө болоод эх орноо таниулж яваа. Тэгвэл бид энэ удаа түүнийг сошиал ID буландаа урьж ярилцлаа.

ВИДЕО:

Францын 3х3 шигшээ багийн тамирчид гуравдугаар сарын 4-нөөс эхлэн монголын тамирчидтай долоо хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийж буй. Францын баг тамирчид бол олимпын эрхээ авсан, оломпын эхний хэдэн байрт яригдаж буй топ баг хамт олон. Тэгвэл бид яг энэ хамтарсан бэлтгэлийн үеэр Монголын багийн тамирчин О.Хулангаас яриа авсан юм. Түүний хувьд 3х3 шигшээ багийн бэлтгэлдээ ороод хоёр л хонож байгаа бөгөөд энэ удаа Францын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, үр өгөөжтэй өдөр хоногуудыг өнгөрүүлж байгаа талаараа бидэнд ярьсан юм.

- Өөрийг чинь сагсан бөмбөг тоглож эхлэхэд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ? Хэдэн настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ?

Сагсан бөмбөг тоглож эхлэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол манай ах. Ахыгаа хараад анх сагсан бөмбөг тоглох сэдэл төрж илүү их урам зориг авсан гэхэд болно. Миний хувьд 18 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн болохоор мэргэжлийн тамирчин болоход биеийн хөгжил дутдаг. Тухайлбал Францын тамирчид таван настайгаасаа бэлтгэгдсэн байдаг учраас бид биеийн хөгжлийн хувьд харьцангуй хоцрогдолтой байна. Миний хувьд монголдоо хамгийн өндрүүдийн нэгд ордог ч дэлхийд гарахад тийм байдаггүй. Тэгэхээр биеийн хөгжлийн ялгаагаа нөхөхийн тулд илүү хичээх шаардлагатай болдог доо.

- Тамирчдад биеийн хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл маш чухал санагддаг. Тэгвэл Монгол тамирчдын хувьд тухайлбал өөрийн чинь хувьд тэмцээндээ сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

Миний хувьд нэлээд туршлагатай тамирчдын нэгт тооцогдож байгаа. Анх тэмцээнд оролцохдоо нэлээн сандардаг байсан. Тиймээс туршлага бас их чухал юм байна гэж бодох болсон. Миний хувьд одоохондоо супер сайн болоогүй л байгаа. Гэхдээ өдөр бүр л өөр дээрээ ажиллаж, хичээж байгаа даа. Мөн тэмдэглэл хөтөлж, амьсгалын дасгалууд хийдэг. Ер нь бусад тамирчдад зөвлөгөө өгөх юм бол илүү үр дүнтэй санагдсан. Унтахынхаа өмнө тэмдэглэл хөтлөөд хүнд ярьж чадахгүй байгаа мэдрэмжүүдээ дэвтэр дээр бичвэл сэтгэл санаа үнэхээр амар болчихдог.

- БҮХ ҮЗЭГЧИД ДЭМЖЭЭД УУХАЙЛАХ МӨЧ Л САГСАН БӨМБӨГ ТОГЛОЖ БАЙГААГИЙН УТГА УЧИР ЮМ ШИГ САНАГДДАГ -

- Үзэгчдийн сагсан бөмбөг үзэх явцдаа өөрсдийн багаа дэмжиж буй эмоци, гаргаж буй үйлдэл, сэтгэл хөдлөл тамирчдад хэрхэн нөлөөлдөг вэ? Тоглолтын явцад ч юм уу, тамирчдын сэтгэл зүйд нөлөөлдөг болов уу?

Эгзэгтэй үед гурваас шидэх, хэрэгтэй оноо авах үед дэмжигчдийн дэмжлэгээс үнэхээр гоё мэдрэмж авдаг. Нэг хэсгээ бодвол Монголын үзэгчид маань ч сайн дэмждэг болсон байна лээ. Тэр бол сагсан бөмбөг тоглосны хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байдаг байх. Мөн өөрийн талбайн давуу тал гэдэг шиг ирэх олимп буюу Францын багт талбайн давуу тал бий болж байгаа гэсэн үг. Тэд яг Apple тоуэрийнхээ өмнө тоглоно шүү дээ. Энэ нь мэдээж маш их хүчийг өгөх байх. Ялангуяа сая Ханжоу Азийн наадмаар Хятадын эсрэг 60 мянган Хятад  иргэний өмнө тоглосон. Тэгэхэд мэдээж сүрдмээр мэдрэмж авсан. Амьдралдаа анх удаа 60 мянган үзэгчийн өмнө зогсоход үнэхээр сонин байсан. Гэхдээ Хятад үзэгчдийн хувьд доош нь хийсэн, соёлгүй үйлдэл гаргаагүй л дээ.

- Одоогийн байдлаар Францын багтай хамтарсан бэлтгэл хийж байна шүү дээ. Францын баг бол 3х3 багийн спортоороо дэлхийн тэргүүлэгч орнуудын нэгд тооцогддог. Иймд энэ бэлтгэл нэг талаасаа Монгол тамирчдад маш том боломж гэж харж байна?

Манай баг тамирчдын бэлтгэл хоёр хоногийн өмнөөс эхэлсэн. Дөнгөж эхлээд л Францын багтай хамтарсан бэлтгэл хийж, шинэ зүйлүүд суралцаад баяртай байгаа. Францын багийн хувьд маш хурдтай, дэлхийн хамгийн шилдэг хамгаалалттай баг гэхэд болно. Тэдний эсрэг довтолж оноо авна гэдэг нь маш хэцүү. Мөн биеийн хөгжил үнэхээр тулчихсан сайн. Бүр 10 минутын турш ч зогсолтгүй эргэлддэг дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг шүү дээ. Магадгүй хамгийн шилдэг нь ч гэж хэлж болох байх. Парисын 2024 оны олимпод ч аль хэдийнээ эрхээ авчихсан. Ийм гайхалтай баг Монголд ирээд бидэнтэй туршлага хуваалцаад хамт бэлтгэл хийж байгаа нь азтай хэрэг л дээ. Энэ багийн хамгаалалтыг илүү судлаад багтаа суулгавал үр дүнтэй байх.

Төдийгөөс өдий хүртэл бид бүхнийг дэмжиж ирсэн бүх монголчууд, сагсан бөмбөг сонирхогчиддоо баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй хамгийн сайнаараа хичээж хэзээ нэг өдөр монголчуудынхаа магнайг тэнийлгэх хүртлээ бүх чадлаараа хичээх болно оо.

Ярилцсанд баярлалаа.