"Хар тамхинаас залуучуудыг сэргийлэх ажилд гар бие оролцмоор байна" гэж Б.Аззаяа гуйж, түүний Давж заалдах шүүх хурал маргааш товлогджээ

"Хар тамхинаас залуучуудыг сэргийлэх ажилд гар бие оролцмоор байна" гэж Б.Аззаяа гуйж, түүний Давж заалдах шүүх хурал маргааш товлогджээ

Залуу уран бүтээлч Morningstar буюу Б.Аззаяа нь хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс түүнд 1 жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Б.Аззаяа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх маргааш /2024.03.14/ хэлэлцэхээр товложээ. Хар тамхины хэргээр хорих ял сонсоод буй Б.Аззаяа нь анхан шатны шүүх хурал дээр "Энэ хэрэгт холбогдоод 1 жил, 4 сар гаруй  хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд маш их сэтгэлийн дарамттай, түгшиж, гэмшиж цаг хугацааг өнгөрүүлсэн.

Би “Morningstar” нэрээр амьд хөгжмийн хамтлагтаа уран бүтээл туурвидаг хамтлагийнхаа дуучин үүргийг гүйцэтгэдэг. Энэ чиглэлээр гэмт хэрэгт холбогдож байгаа залуучуудад өөрийн мессежийг хүргэмээр байна. Урьдчилан таслан сэргийлэх арга хэмжээнд гар бие оролцмоор байна. Би одоо 21 настай энэ хавар сургуулиа төгсөнө, надад ганцхан боломж олгооч шүүгчээ” хэмээн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж байсан аж.

Харин шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулжээ. Гэсэн ч тэрбээр уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус гомдлыг маргааш хэлэлцэхээр болсон байгаа юм.