"Төрийн нууц задруулсан" хэргээр хоёр жил хорих ял сонссон Г.Сарангэрэл, Ж.Эрдэнэ-Ундрах нарын ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээв

"Төрийн нууц задруулсан" хэргээр хоёр жил хорих ял сонссон Г.Сарангэрэл, Ж.Эрдэнэ-Ундрах нарын ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээв

Цагдаагийн Ерөнхий газрын Хар  тамхитай  тэмцэх газрын мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэрэгт холбогдож, улмаар олны анхаарлыг татаж байсан Г.Сарангэрэл нарт анхан шатны шүүхээс "Төрийн нууц задруулсан" хэргээр хоёр жил хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн хэлэлцээд тэдэнд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Г.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэсэн бол Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг юм. 

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ж.Эрдэнэ-Ундрах нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа Г.Сарангэрэлээр дамжуулан гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл байдаг юм.