Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, ирэх долоо хоногийг Пүрэв гараг буюу энэ сарын 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 18-нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.