Х.Булгантуяа сайд Нийгмийн даатгалын цахим системийн үйл ажиллааг энэ сарын 15-наас хэвийн болно гэсэн ч одоогоор ажиллаж эхлээгүй байна

Х.Булгантуяа сайд Нийгмийн даатгалын цахим системийн үйл ажиллааг энэ сарын 15-наас хэвийн болно гэсэн ч одоогоор ажиллаж эхлээгүй байна

Манай улс 2020 оноос эхлэн “цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд төрийн байгууллагуудын цахим системийг шинэчлэх ажлыг зохион байгуулсаар байна. Гэвч иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг Нийгмийн даатгалын цахим систем шинэчлэлт хийх нэрээр ажиллахгүй болсноор гурван сарын нүүрийг үзэж байгаа юм.

Энэ хугацаанд нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж, лавлагаа үйлчилгээ авах олон мянган иргэд төрийн үйлчилгээгээ авч чадалгүй хохирсоор байгаа талаараа цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тодруулбал,хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд, жирэмсний тэтгэмжээ авах гэсэн эхчүүд, хавдартай өвчтнүүд гээд олон мянган иргэд шаардлагатай үйлчилгээгээ авч чадалгүй хохирсоор байгаа юм. Дээрх шинэчлэлтийн ажлыг анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийх болсон талаар холбогдох байгууллагууд мэдэгдэж байсан бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд төв болон орон нутгийн байцаагч, албан хаагчдад мэдээллийн шинэ системийг танилцуулах, дадлагажуулах, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт явуулж байв.

Үүний дараагаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус шинэчлэлтийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн ч одоогийн байдлаар цахим системийн ажиллагаа хэвийн байдалд шилжээгүй байна.

Нийгмийн даатгалын цахим системийн шинэчлэл хэзээ дуусч, хэвийн болох талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа " IT zone компанийг олон улсын төслийн хүрээнд сонгон шалгаруулсан. Төслийн хүрээнд манай олон ажлыг авсан байна лээ. E-job гээд сайтыг хийх ажлыг хүртэл авсан. Гүйцэтгэл хүнд байна. Нэгдүгээр сарын 01-ны өдрөөс нэлээн олон үйлчилгээ нэмэгдсэн. Гэтэл үйлчилгээг цахимаар олгоход асуудал үүсээд байна. Гуравдугаар сарын 15-ны өдөр гэхэд тогтворжино гэсэн мэдээллийг өгсөн" гэх мэдээлэлийг өгсөн ч өнөөдрийн байдлаар /2024.03.18/ хэвийн болоогүй иргэдэд хүндрэл учруулсан хэвээр байна. Тухайлбал, иргэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст "Эмнэлэгт хэвтсэний лист болон нэгдүгээр сард тогтоолгосон тэтгэвэр болон жирэмсний тэтгэмжээ авмаар байна. Тайлангаа илгээмээр байна" зэргээр бичжээ.