Монголд анх удаа морин тойруулгын уралдаан болно

Монголд анх удаа морин тойруулгын уралдаан болно

Үндэсний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах, морин спортыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор үндэсний “Хайпэй” компаниас санаачлан Монголд анх удаа холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд орчин цагийн монгол адуунд зориулсан дөрвөн километр урт морин тойруулгыг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар зураг төсөл нь бэлэн болжээ. Барилгын ажлыг энэ сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд тавдугаар сард ашиглалтад оруулах юм. Морин тойруулга барьснаар дотоод, гадаадын үзэгчид монгол морины уралдааныг тухлан үзэх боломжтойн сацуу олон төрлийн дагалдах бизнес хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг “Хайпэй” компанийн ерөнхий захирал Б.Наранбат онцоллоо.

Тэрбээр ярихдаа “Үндэсний морин уралдааныг илүү ая тухтай байдлаар үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа бөгөөд энэ хэрээр морин спортын үзэгч, сонирхогч нэмэгдэнэ гэж харж байна. Байршлын хувьд ч хотоос 44 километрийн зайд учир Улаанбаатарын иргэд очиж үзэх боломжтой. Мөн Хятадын жуулчид богино хугацаагаар Монголд ирэхэд тэдэнд үзүүлэх, сурталчлах Монголын нэг үндэсний өв соёл нь морин уралдаан байх болов уу” гэв. Монголд анх удаа морин тойруулгын уралдааны нэгдүгээр шат ирэх тавдугаар сарын 3, 4-нд, хоёрдугаар шатны уралдаан 11-нд болно. Морин тойруулгын нэг удаагийн уралдаанд 40 морь уралдуулах бөгөөд дөрвөн насны ангилал тус бүрд 160 хүлэг шандас сорино. Уралдааны бүртгэлийн хураамж 3.5 сая төгрөг байх бөгөөд орлогыг шимтгэл авахгүйгээр 100 хувь шагналын санд хуваарилж буйгаараа онцлог аж.

Нийт 2.24 тэрбум төгрөгийн шагналын сантай уг уралдааны тэргүүн байранд орсон хүлгийн шагнал 224 сая төгрөг байх бөгөөд морины эзэн шагналын 50 хувь болох 112 сая төгрөг, уяач 40 хувь буюу 89 сая төгрөг, унаач хүүхэд 10 хувь буюу 22 сая төгрөгийн эзэн болох юм. Өөрөөр хэлбэл, түрүүлсэн хүлэг нийт шагналын сангийн 40 хувийг авна гэсэн үг. Нэгдүгээр шатны уралдааны зай 8.6-12.6 км байх бол хоёрдугаарт шатных 12.6-16.6 км байх аж. Уралдааны дүрэмд эр, эм харгалзахгүй, сэрвээ хэмжихгүй, харин шүдэлнэ гэж заасан байна. Тус компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мөн морин тойруулга барихаар 80 га газрыг дуудлага худалдаагаар авч, энэ ондоо багтаан бүтээн байгуулалтаа эхлэхээр зорьж байгаа аж. Уг байршилд морин тойруулга барих нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ.