ВИДЕО: Төв цэнгэлдэх, Энхтайваны гүүрийг тойруулан барьсан Б.Чойжилсүрэнгийн "бетонон ширэнгэ"-үүд түгжрэлийн гол төвлөрлийг бий болгосон

ВИДЕО: Төв цэнгэлдэх, Энхтайваны гүүрийг тойруулан барьсан Б.Чойжилсүрэнгийн "бетонон ширэнгэ"-үүд түгжрэлийн гол төвлөрлийг бий болгосон

Хотын түгжрэлийг бууруулахын тулд иргэдийн зорчих газрыг төлбөртэй болгож, автомашин худалдан авахад татварыг нь нэмэх хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар өргөн барьж, үүнийг нь УИХ-аар хэлэлцэж байна. Хэт их төвлөрөл, төлөвлөлтөөс үүдэлтэй түгжрэлийг хэн бий болгосон бэ гэдгийг шүүх гээд үзье.

ВИДЕО:

Учир нь түгжрэлийг бууруулахын тулд “төвлөрлийг сааруулах” хэрэгтэй гэж инженерүүд зөвлөж байгаа. Түгжрэлийн нэг буруутан бол хотын төвөө тойруулаад, алга дарам газарт олон мянган айлын орон сууц барьсан барилгын компаниуд, тэдэнд зөвшөөрөл өгсөн албан тушаалтнууд юм. Мөн хотыг 30 жил удирдахдаа тэлж хөгжүүлээгүй, хурдны зам зэрэг дэд бүтцийг бариагүй төрийн удирдлагуудын буруу. Харин хүссэн газартаа чөлөөтэй зорчиж, хөдлөх хөрөнгө эзэмших эрхтэй иргэдийн буруу биш. 

Энд нэг жишээ дурдъя, эрх барьж буй МАН, УИХ-д “бизнестээ улс төрийн хамгаалалтыг бий болгож байгаа барилгын компаниудын эзэд байх”-ыг үгүйсгэхгүй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Тэрбээр Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчмыг “бетонон ширэнгэ” болгосон нөхөр. Энхтайваны гүүрний урд байгаа “КН” апартмент, 780 айлын “Цэнгэлдэх” хотхон, 132 айлын “Наран тауэр”, 160 айлын “Энхтайван” хотхон Б.Чойжилсүрэнгийнх. Цаашлаад, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш”, “Академи” хотхон, “Хүннү 2222”, “Хүннү плас”, “Хүннү стандарт” хотхонуудыг Б.Чойжилсүрэн барьсан. Өнөөдөр Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчимд бараг машин зөрөх нь битгий хэл мод тарих ч зайг үлдээлгүй “бетонон ширэнгэ” төвлөрлийг Б.Чойжилсүрэн бий болгож, асар их ашиг олсон.

Өдгөө Б.Чойжилсүрэн сайд Сансарт, Сэлбэ голын эрэгт байрлах “Е март” дэлгүүр, “Чингис” зочид буудлын хашаан доторх 2.4 га газрыг тасалж аваад “Сансар гарден” нэртэй 832 айлын орон сууцны хотхоныг барьж байна. Тэрбээр тус хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эхлүүлсэн байгаа юм. Харин одоо барилгын ажил бараг дуусаж байна.

Тэр хэсэгт 832 айл орон сууцандаа бүрэн ороход өдөртөө 2500 автомашин энэ зүг рүү зорчиж, Дарь эхээс Бөхийн өргөө, МУИС-аас Сансарын тунель, Багшийн дээдээс хойшоо эргэх авто замын ачаалал эрс нэмэгдэж, таг зогсоно. Харин Б.Чойжилсүрэн ашгаа хийгээд гараад явна. Энэ л төвлөрөл, түгжрэл юм.

УИХ, Засгийн газрын гишүүн Б.Чойжилсүрэнгийн барилгын бизнес ийм бүтэмжтэй, тэр ашиг хийж байгаа нь магадгүй парламентын гишүүний эрх мэдэл нь нөлөөлж, хотын алга дарам газарт мянга, мянган айлын төвлөрөл, түгжрэлийг бий болгож байх талтай. Иймд төвлөрлөөс үүдэлтэй түгжрэлийг шийдэхийн тулд МАН-ыг өөрөөсөө, гишүүдээсээ эхлэхийг зөвлөж байна.