Боксын холбооны дарга Ц.Батнасан төрсөн өдрөө тэмдэглэж яваад "Олимпын эрх авах" тамирчдын мэдүүлгийг хоцроож, улсаас гарсан зардлыг салхинд хийсгэжээ

Боксын холбооны дарга Ц.Батнасан төрсөн өдрөө тэмдэглэж яваад "Олимпын эрх авах" тамирчдын мэдүүлгийг хоцроож, улсаас гарсан зардлыг салхинд хийсгэжээ

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасанг Парис-2024 зуны олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулж эрх олгох тэмцээний мэдүүлгийг хоцроосон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбыг энэ долоо хоногт томилоод байгаа билээ. 

-Ц.БАТНАСАН ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭЖ БАЙГААД ТАМИРЧДЫН МЭДҮҮЛГИЙГ ХОЦРООЖЭЭ-

Тэгвэл Ц.Батнасан нь яагаад тамирчдын мэдүүлгийг хоцроов, тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд бүх хариуцлагаас мултрах уу гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаж байна. Ийн өгүүлэхийн учир нь Итали улсад гуравдугаар сарын 3-11 /2024.03.03-11/ ний өдөр болох байсан олимпын эрх олгох тэмцээнд манай улсын тамирчид оролцохын тулд асар их хүч хөдөлмөр, багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байдаг. 

Тодотговол, тус тэмцээнд оролцох баг тамирчид өнгөрсөн нэгдүгээр сард /2024.01.13/ Унгар улсыг зорьж, олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, улмаар Унгар улсад болсон Олон улсын тэмцээнд оролцсон байна.

Цаашлаад Болгар улсад Олон улсын хамтарсан бэлтгэл, "Странджа-2024" Олон улсын тэмцээнд оролцоод Герман /ХБНГУ/-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамрагдсан аж. Товчхондоо нэг сар 15 хоног Европын цуврал тэмцээнүүдэд оролцсоны эцэст хүсэн хүлээсэн Итали улсад болох Олимпын эрхийн тэмцээнд оролцох байсан юм. Гэвч Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нь төрсөн өдрөө тэмдэглэж, архидан согтуурч байгаад Парисын зуны олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулах эрх олгох тэмцээний мэдүүлгийг хоцроосон байна. Тиймдээ ч тэрбээр баг хамт олноосоо уучлалт хүсэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. 

ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫН ЗАРДАЛД ГЭХЭД 200 САЯЫГ ЗАРЦУУЛСАН БАЙНА

Тэгвэл Ц.Батнасангийн хариуцлагагүй үйлдлээс болж, тэмцээнд оролцож чадаагүй Монголын Үндэсний шигшээ багийн баг тамирчдад зарцуулсан зардлыг хэн төлөх вэ гэдэг асуулт өнөөдөр хариултаа нэхэж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын зардалд 200 орчим сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. Үүн дээр эмч, дасгалжуулагч нарын зардал ороод нэлээд олон арван сая төгрөгийн зардал улсын төсвөөс гарчээ. Гэсэн ч өдгөө хариуцлага алдсан албан тушаалтан нь ажлаасаа чөлөөлөгдсөн болоод үлдэж болохгүй түүгээр улсын төсвийн хөрөнгийг гаргуулж, улсыг хохиролгүй болгох учиртай гэдгийг олон нийт шаардаж байна. 

Ташрамд өгүүлэхэд, энэ онд Монголын боксын холбоонд улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр болсон бөгөөд үүнээс олон улсын тэмцээн, бэлтгэл цугларалтад 1.3 тэрбум, хэрэглэл материал 80 сая төгрөг зарцуулахаар баталсан байх аж.