С.Жамбалжамц Испанийн “Вольта Каталунья” уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин болжээ

С.Жамбалжамц Испанийн “Вольта Каталунья” уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин болжээ

Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг Испанийн 103 жилийн түүхтэй "Вольта Каталунья" гэх долоон өдрийн уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо. Тэрээр нийт 1173.4 км замыг 30:18:53 цагт дуусгаснаар 132 дугаарт жагсжээ. Мөн тэрээр уулын замд сайн уралдаж 26 дугаарт жагссанаар багтаа зургаан оноо авч иржээ.

Олон улсын дугуйн холбооны мэргэжлийн дугуйчдын хамгийн чансаатай нь “Ворлд тур” ангиллын олон өдрийн тэмцээнүүд бөгөөд энэ тэмцээнд зөвхөн “Ворлд тур” ангиллын 18, “Про тур” ангиллын 17 баг оролцох эрхтэй байдаг аж. Харин манай улсын дугуйчин С.Жамбалжамцын  уралдаж буй “Бурхос Би Эйч” баг Про турын ангилалд багтдаг аж. 103 жилийн түүхтэй “Вольта Каталунья” тэмцээнд Ази тивээс Казахстаны 18, Япон, Узбекистны тус бүр гурав, Иран, Хятадын тус бүр хоёр тамирчин оролцож байжээ.