Дундговь аймгийн замд өнөөдөр 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл тухайн автобусанд зорчиж явсан хүмүүс нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилчид байсан байна. Ослын улмаас автобусны хоёр жолооч амиа алдаад байгаа бол таван иргэний биеийн байдал маш хүнд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар осолд өртсөн том оврын автомашины жолооч яг одоо "Мөнгөн гүүр" эмнэлгийн тархины гэмтлийн тасагт хагалгаанд орж байгаа бол хоёр иргэнийг ГССҮТ-ийн мэргэжлийн баг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчирч байгаа юм байна. Мөн осолд өртсөн 13 иргэнийг уул уурхайн компанийн автомашинаар Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулахаар болжээ.