"Оскар"-ын наадмаас "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн анхны өнгөт арьст жүжигчин Луис Госсетт 87 насандаа таалал төгсжээ.
Нью-Йорк хотод төрсөн тэрбээр 1982 онд "An Officer and a Gentleman" кинонд бүтээсэн түрүүч Эмил Фолийн дүрээрээ "Оскар"ын шагнал хүртэж байсан юм. Мөн боолчлолын үеийн талаар өгүүлдэг "Roots" телевизийн мини цуврал киноны дүрээрээ 1978 онд "Эмми" шагналын эзэн болж байлаа.
Л.Госсеттийг нас барсан тухай ар гэрийнхэн нь "CBS" телевизэд мэдээлсэн ба ямар шалтгаанаар нас барсныг дурдаагүй байна. 60 жилийн жүжигчний замналынхаа хугацаанд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан тэрбээр хамгийн сүүлд 2023 онд шинэчлэн найруулсан "The Color Purple" кинонд дүр бүтээжээ.