ВИДЕО: Сэлбэ голын мөсийг зөөхөд 2.3 тэрбум төгрөг зарцуулсан ч шар усны үер ихсэж,  аюултай нөхцөл байдал үүсчээ

ВИДЕО: Сэлбэ голын мөсийг зөөхөд 2.3 тэрбум төгрөг зарцуулсан ч шар усны үер ихсэж, аюултай нөхцөл байдал үүсчээ

Улаанбаатар хотод өнгөрсөн зун их хэмжээний бороо орж, голын түвшин нэмэгдсэний улмаас энэ өвөл халиа тошин үүсэж, айл өрхүүд усанд автаад байсан. Тиймээс яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол иргэд хавар шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж нийслэлээс 2,3 тэрбум төгрөг төсөвлөн Сэлбэ голын мөсийг зөөж эхэлсэн.

ВИДЕО: 

Тодруулбал, Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш, 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан юм.

Энэ ажлын хүрээнд 160 мянга гаруй тонн мөсийг зөөвөрлөөд байсан. Ингэснээр нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болохоос сэргийлэх боломжтой хэмээн хотын удирдлагууд үзэж байсан юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг үндэслэн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэллээ. Энэ хүрээнд лаг хагшаасыг мөн тээвэрлэж, бургасуудыг шилжүүлэн суулгаж, цаашлаад үерийн даланг бэхжүүлэн, бетонон байгууламж хийнэ. Уг ажилд аж ахуйн нэгжүүд ч мөн идэвхтэй оролцож, ойр орчмын цас мөсөө цэвэрлэхийг уриалж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Гэвч өнөөдрийн байдлаар тус хэсэгт шар усны үер улам ихсэж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсчээ. Мөн гуу жалганд нь хог, шороо овоорсон байдалтай байгаа юм. Энэхүү нөхцөл байдал удаан үргэлжилвэл өнгөрсөн зуных шиг үер болох эрсдэл өндөр байна.