ШУУРХАЙ: "Эх орноосоо урвасан" хэмээн Тагнуулын байгууллагаас баривчлаад буй Монголын гурван иргэний нэг нь лам З.Санждорж байжээ

ШУУРХАЙ: "Эх орноосоо урвасан" хэмээн Тагнуулын байгууллагаас баривчлаад буй Монголын гурван иргэний нэг нь лам З.Санждорж байжээ

Монгол Улсад тагнуул хийсэн гаднын нэг, эх орноосоо урвасан монголын гурван иргэнийг Тагнуулын байгууллагаас өнгөрөгч баасан гараг /2024.03.29/-т баривчилж, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "эх орноосоо урвасан" гэх Монгол Улсын гурван иргэний нэг нь “Монголын бурхан шашинтны шинэ төв” гэх хийдийн хамба лам З.Санждорж байжээ.

Түүнийг эх орноосоо урвасан буюу Х Богдын асуудалтай холбоотойгоор баривчлан шалгаж эхэлсэн байж магадгүй байна. Учир нь З.Санждорж өнгөрсөн оны гуравдугаар сар /2023.03/-д мэдээлэл хийж, "Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Түүнээс биш "X Богд" гэдэг үг хэлээгүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Төвдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн. Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан.

Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчихөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз" гэх агуулгатай зүйлийг мэдээлж байсан юм. Түүний мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл өнөөдөр З.Санждоржтой хамт баривчлагдаад буй этгээдүүд нь н.Бямбажав, н.Ганзориг гэх хүмүүс байгаа гэх мэдээлэл байна. Харин Монгол Улсад тагнуул хийсэн гэх гаднын улсын иргэн нь Ази тивийн нэгэн улсын иргэн Х гэгч байсан аж. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорин 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. 

Сонирхуулахад,  “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам гэх З.Санждорж нар нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамцад шаардах бичиг хүргүүлж улсын хэмжээнд буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийд, лам нарын нэгдсэн чуулганыг зохион байгуулахыг шаардаж, хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол эсэргүүцэл зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэж байв. Мөн З.Санждорж нь хүчингийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.