Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-нд болж өндөрлөлөө.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртлээ.
Пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын наадамд оролцох тамирчдыг зургадугаар сарын 30-нд албан ёсоор зарлах бөгөөд үлдэж буй хугацаанд манай жүдочдыг тавдугаар сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байна.