Монгол уулчид Эверестийн оргилд хүчилтөрөгчгүй авирна

Монгол уулчид Эверестийн оргилд хүчилтөрөгчгүй авирна

Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд авирахаар энэ сарын 5-нд хүлгийн жолоо залах гэж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Тэд энэ удаа монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, мөн хөтөчгүйгээр авирах гэж буйгаараа онцлонтой. Эверестийн оргил нь 8848.86 метр өндөр бөгөөд дээрх гурван уулчин авиралтаа энэ сарын 5-нд эхлүүлж, зургадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн байна. “Хүннү хайкинг” клубт харьяалалтай Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар үндсэн отгоос дээш бүх ачаагаа үүрч, бүх отгоо өөрсдөө барьж явах гэнэ.

Одоогийн байдлаар Эверестийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан гэх тоо баримт бий. Үүнээс 3.4 хувь нь буюу 221 уулчин нэмэлт хүчилтөрөгчгүй оргилд гарсан байдаг ажээ.

Энэ талаар багийн ахлагч Д.Оргилхүү ярихдаа “Манай багийн авиралтын гол зорилго, онцлог нь нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр авирах юм. Бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өөрсдийгөө л сорихыг хүссэн. Бүтэн нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хийсэн болохоор алзахгүй байх. Бүгд 10-аас дээш жил ууланд авирсан, алхсан учраас өөрсдөдөө итгэлтэй байна” гэв. Сонирхуулахад, Монголоос Эверестийн оргилд гарсан анхны уулчин нь гавьяат тамирчин Г.Өсөхбаяр юм. Тэгвэл түүний араас Б.Гангаамаа, С.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Л.Баярсайхан, Б.Цэвээндаш, Ж.Бямбасүрэн, Б.Гантулга, С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр нар Эверестийн оргилд хөл тавиад байна.