ВИДЕО: Парисын олимпийн албан ёсны зурагт хуудсыг “Орсе” музейд байршууллаа

ВИДЕО: Парисын олимпийн албан ёсны зурагт хуудсыг “Орсе” музейд байршууллаа

Ирэх зун Франц улсын Парис хотноо хүн төрөлхтний спортын их наадам болох гэж байна. 33 дахь удаагийн зуны олимпод 10 мянга гаруй тамирчин оролцоно гэх урьдчилсан тооцоо гараад байгаа юм. Тэгвэл олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудсыг дэлхий нийтэд танилцуулжээ.

Тус постер нь вектор дүрсээр, таван метр өндөр, дөрвөн метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд олон нийтэд дэлгэгдлээ. Зурагт хуудсыг Францын уран зураач, “Хермес” брэндийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Уго Гаттони бүтээжээ. Тэрбээр уг бүтээлээ зургаан сарын турш бодож, бодитоор 2000 гаруй цаг зарцуулсан байна. Өмнөх наадмуудын постерууд нь олимп болон паралимпын хоёр тусдаа бүтээл танилцуулж байсан бол энэ удаагийнх “Олимпизм дахь тэгш эрх, хамтдаа” хэмээх үзэл баримтлалыг нэг том бүтээлээр илтгэснээрээ онцлог болжээ.

Түүнчлэн эйфелийн цамхаг, ялалтын хаалга зэрэг Парис хотын түүхэн алдарт уран барилгуудын дүрсийг шингээсэн төдийгүй олимпын 32 спортын төрлийг ч мөн олж харах боломжтой аж.