СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Архангай, Булган, Өвөрхангайн нутгаар цасан шуурга шуурч, маргааш ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Архангай, Булган, Өвөрхангайн нутгаар цасан шуурга шуурч, маргааш ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Маргааш /2024.04.14/ нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваад халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, энэ сарын 17-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Маргааш буюу энэ сарын 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. Даваа гараг буюу энэ сарын 15-нд нутгийн баруун хагаст, Мягмар гараг буюу энэ сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.