Японы Насу хотын уулнаас гарыг нь хүлж шатаасан хоёр хүний цогцос олджээ

Японы Насу хотын уулнаас гарыг нь хүлж шатаасан хоёр хүний цогцос олджээ

Япон Улсын Точиги мужийн Насу хотод  өчигдөр /2024.04.16/ хоёр хүн нас барсан байдалтай олдсон бөгөөд мөрдөн байцаагчдын өгсөн мэдээллээр “цогцсын гарыг хүлж, нүүрийг нь наалдамхай туузаар боож, шатаасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэжээ.

Тодруулбал, өчигдөр /2024.04.16/ өглөөний 08.00 цагийн орчимд  Насу хотын Ионо дахь ойн замын хажууд гол орчимд “манекен шиг зүйл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл тус улсын цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яаралтай очиход хоёр хүний ​​цогцос хоёулаа шатсан байсныг олсон бөгөөд тухайн  үед гал бараг унтарсан байжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр хохирогчдын нэг нь Токиогийн Тайто тойрогт оршин суудаг Рютаро Такаражима гэх 55 настай эрэгтэй  болох нь тогтоогдсон бөгөөд түүний ажил мэргэжил тодорхойгүй байгаа аж.

Хэргийн газар Насу хотын төвөөс зүүн өмнө зүгт 10 км-ийн зайд ууланд байдаг аж. Шалгалтын явцад тухайн газрын ойр хавиас амиа алдсан хоёр хүний ​​сууж явсан машин болон бусад тээврийн хэрэгсэл олдоогүй байна. Иймд хэргийн газарт үүссэн нөхцөл байдлын дагуу хэн нэгэн цогцсыг орхин шатаасан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд яг одоо нөгөө хүнийх нь хэн болохыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж тус улсын NHK телевиз мэдээллээ.