Б.Булган: Гэрчийн хувьд хэлэхэд эмэгтэй нь эрэгтэйгээсээ нуруугаараа өндөр байсан

Б.Булган: Гэрчийн хувьд хэлэхэд эмэгтэй нь эрэгтэйгээсээ нуруугаараа өндөр байсан

С.Зориг агсны гэргий Б.Булган хэрэг явдал гарснаас 26 жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Тэрбээр энэхүү ярилцлагынхаа үеэр, "С.Зориг агсны амиа алдсан" хэрэг явдал болоод Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зэрэг нэр бүхий хүмүүсийн талаар байр сууриа илэрхийлсэн. 

Тухайлбал, Б.Булган ""Би анх 1998 оноос хойш цагдаа, сэргийлэх, энэ ажлын хэсэг бүгдэд нь итгэж явсан. Одоо бол би итгэл алдарсан. Тэр 2015 оноос хойш хэнд ч хамаагүй тохоод энэ хэргийг хаая гэдэг хүн байгаад байна. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог" хэмээн хэлсэн юм. 

Б.Булганы ярилцлага өгч байх үеийн "биеийн хэлэмж", байр суурийг иргэд олон талаас дүгнэж байгаа. Зарим иргэд түүнийг, "олон жилийн сэтгэлийн хат тэвчээр дээр тулж давж туулсан хүний бахдал өөрийн эрхгүй гарч ирж байна" гэж дүгнэх нэгэн ч байгаа юм. 

Тодруулбал, Б.Булганы талаар НИТХ-ын ХҮН намын төлөөлөгч П.Наранбаяр, "Булганы ярилцлагын тухайд бодлоо сийрүүлье" хэмээгээд дараах байр суурийг илэрхийлжээ.

ТЭРБЭЭР: 

1. Хувь хүнийх нь тал дээр хийсэн миний дүгнэлт, "Тэрбээр тухайн үеийн элит хэсэг төвлөрсөн 40 мянгатад өссөн, тэдний жишгээр орос хэлээр боловсрол эзэмшсэн бололтой. Эх хэлээрээ ярихдаа бага зэргийн саадтай, зарим нэр томъёог оросоор хэлж, орчуулан ярьж байна. Шашин, үйлийн үрийн философийг судалснаа хэдэнтээ дурдав. Зоригийг алуулсан цагаас хойш өөрийгөө “амьд үхдэл” болсноо өгүүлэв. Аймшигт аллагын амьд гэрч болж 26 жил яваа бүсгүй энэ бүх хугацаанд хэдэнтээ хоригдсон агаад нойрны эм хэрэглэж ирснээ ч дурдаж байв. Яриа хөөрөөг нь сонсоход эрүүл бодолтой, эрх чөлөөгөө эрхэмлэдэг эмэгтэй шиг санагдав".

2. Булган хэлэв. “Би 37 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн гэр бүлийн удам. Чимгээ, Содномдаржаа хоёрын тухайд хэргийн цорын ганц амьд гэрчийн хувьд хэлэхэд, энэ хоёр хүн бол алуурчин биш. 37 оных шиг хүн хэлмэгдүүлэхийг зүгээр хараад сууж чадахгүй. 10 сар намайг хорьсон ч би энэ хоёр хүний эсрэг мэдүүлэг өгөөгүй. Надаас юу ч олж авч чадахгүйгээ мэдээд тэр хоёрыг шүүсэн шүүхэд намайг гэрчээр оруулаагүй. Гэрчийн хувьд хэлэхэд наад зах нь л гэхэд эмэгтэй нь эрэгтэйгээсээ нуруугаараа өндөр байсан” гэв.

Би Чимгээ, Содномдаржаа хоёрыг гурван шатны шүүх хэрэгтэн гэж үзэн, ял оноосноор цаана нь бодитой нотолгоо байсан болов уу гэж бодож ирсэн юм. Гэтэл хэргийн амьд гэрч ингэж хүчтэй няцаан хэлж байхыг сонсоод бодол эргэхэд хүрэв. 37 оны үе шиг “Хэрэг нь байвал хүн нь олддог” гэсэн харгис зарчмыг сэргээчихсэн юм биш биз дээ. Эргэлзээ, эргэлзээ. Үүнийг тайлах цорын ганц зам бол нууц материалуудыг даруй ил болгоход оршино гэжээ.