Японы Насу хотын ууланд хоёр хүн шатаасан хэргийг 25 настай залуу үйлдсэн бөгөөд "танилынхаа гуйлтаар хийсэн" гэж мэдүүлжээ

Японы Насу хотын ууланд хоёр хүн шатаасан хэргийг 25 настай залуу үйлдсэн бөгөөд "танилынхаа гуйлтаар хийсэн" гэж мэдүүлжээ

Япон Улсын Точиги мужийн Насу хотод  өчигдөр /2024.04.16/ хоёр хүн нас барсан байдалтай олдсон бөгөөд мөрдөн байцаагчдын өгсөн мэдээллээр “цогцсын гарыг хүлж, нүүрийг нь наалдамхай туузаар боож, шатаасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 16-ний /2024.04.16/ өглөөний 08.00 цагийн орчимд  Насу хотын Ионо дахь ойн замын хажууд гол орчимд “манекен шиг зүйл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл тус улсын цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яаралтай очиход хоёр хүний ​​цогцос хоёулаа шатсан байсныг олсон бөгөөд тухайн  үед гал бараг унтарсан байжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр хохирогчдын нэг нь Токиогийн Тайто тойрогт оршин суудаг Рютаро Такаражима гэх 55 настай эрэгтэй болохыг тогтоогоод байсан юм.

Тэгвэл тус хэргийн хохирогчид нь эхнэр, нөхөр байсан бөгөөд хэрэг үйлдсэн этгээд нь 25 настай залуу байсан талаар тус улсын NHK телевиз Цагдаагийн газраас  иш татан мэдээллээ. Түүнчлэн хэрэгтэн “танил нь гуйсан тул ууланд аваачиж шатаасан” хэмээн мэдүүлж буй аж.