Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр эмэгтэй анх удаа арван улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр сарын турш 30 мянган км замыг мотоциклоор туулахаар өнөөдөр /2024.04.19/ Сүхбаатарын талбайгаас хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэдний хувьд 2020 онд Монгол орноор таван мянга 700 км аялж байсан туршлагатай юм. Харин энэ удаа тэд Улаанбаатараас Баян-Өлгий, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк, Москва, Алтанбулаг гээд Улаанбаатарт эргэж ирэхээр төлөвлөж буй.
Тэгвэл мотоциклтой аялагчид Улаанбаатараас хөдөлж, гурав дахь өдрөө Цагаан нуурын боомтоор гарч Оросын хилд хүрчээ. Гэвч монгол аялагчдыг тус боомтын хилийн шалган нэвтрүүлэхийн ажилчид шалгаж паспортыг нь хурааж, нэг хонуулжээ. Түүнчлэн аялагчид тус боомтоор гарч буй монгол иргэдийн Оросын хил дээр байцааж, торгож байгаа талаар олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.