“Парис-2024” зуны олимпын наадамд дэлхийн 100 сая гаруй дүрвэгсдийг төлөөлөн оролцох 36 тамирчны бүрэлдэхүүнтэй дүрвэгсдийн багийг Олон улсын олимпын хороо пүрэв гарагт танилцууллаа.
Дүрвэгсдийн баг анх “Рио-2016” наадамд оролцож байсан бөгөөд гурав дахь олимпдоо оролцох гэж байгаа нь энэ юм. Бразилийн олимпд оролцсон баг 10 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бол “Токио-2020”-д 29 тамирчин оролцож байжээ. Харин энэ удаагийн “Парис-2024” наадамд 11 өөр орны 36 тамирчин усанд сэлэлт, хөнгөн атлетик, бокс, унадаг дугуй, жүдо, таеквондо, хүндийн өргөлт, бөх зэрэг спортын 12 төрлөөр өрсөлдөх ажээ.
Олон Улсын Олимпын хорооны тэргүүн Томас Бах Швейцарын Лозанн хотноо болсон ёслолын үеэр “ОУОХ-ны дүрвэгсдийн багийн бүрэлдэхүүнд багтсан та бүхнийг бид халуун дотноор угтан авч байна. Та бүхэн олимпын наадамд оролцож тэсвэр хатуужил, авьяас чадварыг харуулснаар дэлхий даяар дүрвэсэн 100 сая гаруй хүмүүст итгэл найдвар бэлэглэх болно. Мөн олон тэрбум хүнд дүрвэгсдийн хямралын цар хүрээг ойлгуулахад тусална. Тиймээс миний бие дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүн бүрийг дүрвэгсдийн багийг бидэнтэй хамт дэмжихийг уриалж байна” хэмээн хэлжээ.