ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос "Төрд хаягдсан иргэд" тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаар мэдээлэл хийлээ.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны төлөөлөл, "ТҮЦ эрхлэн амь зуулгаа залгаж буй жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нь өнгөрсөн хугацаанд төр загаас юу ч гуйлгүй, өөрсдөө ажлын байр бий болгон амьдрах эрхийнхээ төлөө зүтгэж байгаа. Гэвч төр засаг солигдох бүрт биднийг ялгаварлан гадуурхаж байгаад бид гомдолтой байна. Тиймээс хотыг гоё болгох нэрийдлээр мянга гаруй иргэдийн амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэн тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Нийслэлийн засаг даргын захирамжинд гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Энэхүү захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдийг оролцуулалгүй хэт нэг талыг барьсан шийлвэр гаргасанд харамсаж байна. 2024 оныг халамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан мөртлөө иргэдийг ядуусын эгнээ рүү түлхэж байгаа нь ам ажил хоёр нь ямар зөрүүтэй байгааг илчлэн тэмцэх болно. ТҮЦ-нд хүч чадлаа үзүүлдэг төр засаг нь зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмцэхийг шаардаж байна. ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны эрхийг зөрчсөн шийдвэрээ эргэн нэг харж, бидэнд амьдрах ажиллах боломж олгож, гаргасан шийдвэрээ цуцлахгүй бол 2024 оны тавдугаар сарын 13-ны өглөө буюу өнөөдрөөс "төрд хаягдсан иргэд" эсэргүүцлийн суултаа өлсгөлөнгийн арга хэмжээээр МАН-ын байрны гадна зохон байгуулахаа мэдэгдэж байна" гэлээ.