БНСУ-д 50 гаруй насны эрэгтэй Defence Mart (PX) системийг Монголд нэвтрүүлнэ гэж амлан танилаасаа 300 орчим сая вон залилсан хэргээр хоёр жил, зургаан сарын хорих ял авчээ.
Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард Зэвсэгт хүчний Халамжийн ангид PX удирддаг А нь өөрийн танил Б-ээс PX системийг экспортлох нэрийдлээр 100 сая вон авч, “Би Монгол дахь Солонгосын байгууллагын албан тушаалтныг таньдаг. Би Монголд PX бизнес хийхээр төлөвлөж байна” хэмээн хэлж, их хэмжээний мөнгө залилсан байна.
Үүгээр зогсохгүй 2019 оны нэгдүгээр сард өөрийн найз С, Д нараас 70 сая вон, 72 сая воныг авч, “Бид PX-д нийлүүлдэг компанид мөнгө зээлж, хөрөнгө оруулалт хийж байна" гэжээ. Улмар мөрдөн байцаалтын үр дүнд ноён А нь хувьцаанд хөрөнгө оруулах, виртуаль валют худалдаж авах, өр барагдуулах зорилгоор мөнгө зээлдэг байсан ч хохирогчдоос худал хэлж аваад буцаан төлөөгүй тул ийнхүү шүүхэд дуудагдаж, хорих ял авсан байна.