Нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан хүүхдүүд Чух нуурын эргээс шувуу дурандаж, тэдний амьдрах орчныг цэвэрлэжээ

Нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан хүүхдүүд Чух нуурын эргээс шувуу дурандаж, тэдний амьдрах орчныг цэвэрлэжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын ЕБС-ийн “Гангар хун” эко клубийн сурагчид, багш С.Батзориг болон Дорнод хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Батхүү, Монголын шувуу хамгаалах төв хамтран “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийг тохиолдуулан “Цэвэрхэн Чух” үйл ажиллагааг V/12-ны өдөр зохион байгууллаа.

Бид тус үйл ажиллагаагаар эко клубийн сурагчдад Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийн тухай мэдээлэл өгч шавж, нүүдлийн шувуудын хамаарал, ач холбогдлын тухай илтгэл тавьж Чух шувуу судлалын суурингийн судалгааны ажлын үр дүнг болон шувуу ажиглах талаар танилцуулга хийлээ. Үүний дараа бид Чух нуурын баруун эргээс шувуудыг дурандан хүүхдүүд маань олон зүйл шувуудыг харж, таньж сурсан ба шувуудад ээлтэй, цэвэрхэн Чухыг бий болгохын төлөө эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэж сумын хогийн цэгт төвлөрүүллээ.

Жил бүрийн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг Гангар хун клубийн сурагчидтай хамтран зохион байгуулж клубийн үйл ажиллагааг дэмжих болсныг дуулгахад таатай байна гэж Чух шувуу судлалын суурингаас мэдээллээ. 




ЭМГЭНЭЛ

11 цагийн өмнө