“Дэлхийн гэр бүлийн өдөр”-т зориулсан “Гэр бүл амжилтын үндэс” арга хэмжээг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Уг арга хэмжээний зорилго нь “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, бие биедээ түшиг тулгуур нь байж, дэмжин хамтдаа хөгжих оролцоог нэмэгдүүлэхэд орших юм. Тус арга хэмжээг Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсад Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь төсөл, Цагдаагийн ерөнхий газар болон иргэдийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулж байна.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх эвент арга хэмжээ нь “Гэр бүлийн харилцаа, үнэ цэнэ, эерэг уур амьсгалыг сурталчлах, кэйс, сайн туршлага хуваалцах, гэр бүлийн гишүүд бие биенийгээ ойлгон хүндэтгэх, хайрлах, үр хүүхдээ эрүүл, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, түшиг тулгуур нь байж, дэмжин хамтдаа хөгжих оролцоо” сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм. Энэхүү арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 400 алба хаагчид гэр бүлийн хамт хамрагдаж байгаа бөгөөд нэг өдрийн турш үргэлжилнэ. Арга хэмжээг зохион байгуулснаар гэр бүлийн эерэг харилцаа, хүчирхийллийн хор уршиг, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хүн бүрийн үүрэг, оролцоо ач холбогдолтой талаар алба хаагчдын ойлголт, мэдлэг нэмэгдэнэ.