Өнгөрсөн мягмар гарагт Францын парламент сонгуулийн хуулийг шинэчлэх төслийг Парис хотод хэлэлцэж баталсан. Энэхүү хуулийн шинэчлэлтийг эсэргүүцсэний улмаас Францын Номхон далай дахь нутаг дэвсгэр болох Шинэ Каледони аралд үймээн дэгдэх үеэр мөргөлдөөн гарч, нутгийн уугуул гурван иргэн, нэг цагдаагийн албан хаагч амиа алджээ. Тиймээс өчигдөр Францын эрх баригчид тус аралд 12 хоногийн хугацаатай онц байдал зарлан “ТикТок” сошиал сүлжээг хааж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ.
Мөргөлдөөний үеэр иргэд машинуудыг галдан шатааж, дэлгүүрүүдийг тонож эхэлжээ. Дээрх хуулийн шинэчлэлийн дагуу Шинэ Каледонид 10 жил оршин суусан Францын эх газрын иргэд орон нутгийн сонгуульд саналаа өгөх эрхтэй болж байгаа юм. Арлын уугуул иргэд болох Канак хүмүүс энэ өөрчлөлт тэдний улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Эрдэс баялгийн арвин нөөцтэй Шинэ Каледони арал нь Австралиас зүүн зүгт 1,500 км зайтай Номхон далайд оршдог бөгөөд 270,000 орчим оршин суугчтай. Франц улс тус арлыг 1853 онд өөртөө нэгтгэж, 1946 онд далайн чанад дахь газар нутаг статустай болгож байжээ.