Б.Энхбаяр: Нүүрсний хэргээр ял авсан хүмүүсийн үйлдэл үрийг хэлэлцэх учраас нэмэгдээд ял шийтгэл аваад явна

Б.Энхбаяр: Нүүрсний хэргээр ял авсан хүмүүсийн үйлдэл үрийг хэлэлцэх учраас нэмэгдээд ял шийтгэл аваад явна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын 10-нд өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Авлигатай тэмцэх тодорхой арга хэмжээ авахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Нүүрсний хулгай сонсгол болсон. Гэхдээ иргэд алинд нь хулгай болсныг бүрэн сайн ойлгож чадаагүй. Нэг машин нүүрс Цагаан хадны талбайгаас Ганц модны боомт хүртэл 29-хөн км газар 60 сая төгрөгөөр тээвэр хийж байсан. Тэгэхэд чимээгүй байсан. 3-4 сарын дараагаас хэлээд тэр тээвэр 120 сая төгрөг болсон. Өмнө нь 29 км газар гурван сая төгрөгөөр хийдэг байсан тээврийг ковидын үед 120 сая төгрөг болгож байгаад хулгайгаа хийсэн. Өдөрт 300 машин гаргалаа гэхэд 360 сая төгрөг хулгайлагдаж байсан. 360 сая төгрөгийн үнэтэй цоо шинэ давхар чиргүүлтэй хятад машиныг аваад түлшийг нь дүүргээд дуусаагүй байхад машиныхаа мөнгийг олж байсан. Ийм луйврыг бүтэн хоёр жил гаруй хийсэн. Энэ хулгайн асуудлаа ерөөсөө яриагүй. Өдөрт 500 машин гарлаа гэхэд 60 тэрбум төгрөг хулгайлж байсан. Яагаад гэхээр энд эрх баригчид, эрх мэдэлтнүүд, хууль хяналтын байгууллагынхан оролцоод хулгай хийсэн учраас энэ асуудлаа гаргаж ирж ярихгүй байгаа. Ард иргэдийн боломжийг хулгайлсан хүмүүсийг шоронд хийгээд, хулгайлсан мөнгийг нь олж ирэхийг хүсэж байна. Сонсгол хийгээд хариуцлага тооцогдсон юм алга.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: УИХ Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нүүрсний хулгайн сонсголын дараа 9000 гаруй хуудас материалыг шилжүүлсэн. Эхнээсээ шүүхээс ял сонсож байна. Шүүх хурлыг хаалттай хийснээс болоод гэмт хэрэг хийсэн хүмүүс нь гэм зэмгүй юм шиг мэдээлэл гаргасан. Нүүрсний сонсголд ял шийтгэгдсэн нөхдүүдээс ирэх онд гарчихна гэсэн юм ярьж байгаа юм билээ. Шүүхтэй холбоотой асуудлыг ард түмэн харж байгаа. Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа. Манай улсын шүүгчдийн талаар Ц.Элбэгдорж гэж хүн томилсон. Шүүх дээр очиж байгаа хэргүүдийг гаргадаг, янз бүрийн асуудлыг сулладаг асуудал байна. Авлига албан тушаалын гэмт хэргийг нээлттэй шүүх хурлаар хийх хуулийн төслийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Энэ хуулийг хурдан батлаад өгөөч гэж гишүүдээсээ хүсэж байна. Тэгвэл тэр шүүх хуралдаан дээр юу яригдаад байгаа нь тодорхой болно. Би нүүрсний хулгайн асуудал дуусчихсан гэж бодохгүй байгаа. Одоо ял авсан хүмүүстэй холбоотой дахиад авлига албан тушаалын шалгагдаж байгаа асуудлууд байгаа. Үйлдэл тус бүрээр нь хэлэлцэх учраас нэмэгдээд ял шийтгэл аваад явна гэсэн үг. Тиймээс хэрэг дууссан биш үргэлжлээд шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.