ВИДЕО: “Дотуур байранд ороод дээрэлхүүлдэг байсан ч ах нараас айж, үеийнхэн шоолох байх гээд гэрийнхэн болон багшдаа хэлдэггүй”

ВИДЕО: “Дотуур байранд ороод дээрэлхүүлдэг байсан ч ах нараас айж, үеийнхэн шоолох байх гээд гэрийнхэн болон багшдаа хэлдэггүй”

Бага насандаа авсан сэтгэлийн шарх насан туршид нь арилдаггүй гэдэг. Тэр тусмаа үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн хүүхэд хэнд ч хэлэлгүй явсаар насанд хүрсэн хойноо ч түүнийгээ мартдаггүй бөгөөд ямар нэгэн байдлаар өөрт нь сэтгэлийн шарх болж үлдсэн байдаг. Хамгийн хортой хэрнээ чимээгүй тохиолддог тахал бол энэ. Насанд хүрээгүй бага жаахан хүүхдүүд хаашаа хандаж, хэнд хэлэхээ мэдэхгүй сэтгэлдээ тээсээр явах нь олонтаа. Тэгвэл энэ нөхцөлд цагдаагийн байгууллага болон сургуулийн нийгмийн ажилтандаа хандах нь хамгийн зөв алхам бас шийдэл байдаг шүү гэсэн санааг сурагч дүү нартаа таниулах үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

ЕБС-д суралцаж буй суралцагч сурч боловсрох явцдаа үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй. 2022 онд төрийн өмчийн ЕБС-ийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 108 байсан бол 2023 онд 115 болж нэмэгдсэн гэх тоон судалгаа гарчээ. Иймд үе тэнгийн дээрэлхэлтийг арилгах аян буюу “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяныг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй. Иймд бид энэ удаа үе тэнгийн дээрэлхэлт, хулгай гэх мэт зөрчлийн хэргүүд зарим бага насны хүүхдүүдийн амьдрах орчин болсон сургуулийн дотуур байранд тохиолддог эсэх болон камержуулалт мөн цагдаагийн байгууллагаас дотуур байрны орчинд үйлдэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлт, хулгай зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авдаг талаар энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэсэн юм.

Бид Монгол Улсын үндэсний консерватори буюу Хөгжим бүжгийн коллежийн дотуур байрны сурагч Х-ээс үе тэнгийн дээрэлхэлтэнд өртөж байсан эсэхийг тодрууллаа.

Тэрбээр, “Энэ дотуур байранд зургаан жил амьдарч байна. Хэнтий аймгаас энд ирж суралцаж байгаа. Анх зургаадугаар ангидаа дотуур байранд орж байхдаа үе тэнгийн дээрэлхэлтэнд үл ялиг өртөж байсан. Тэр үед дээд үеийнхээ ах нарт ганц нэг цохиулах явдал байсан. Манай үеийн хүүхдүүд өрөөндөө дандаа өөрийнхөө ангийн хүүхэд эсвэл үеийнхээ хүүхдүүдтэй байдаг. Би ганцаараа ах нартайгаа нэг өрөөнд байдаг байсан юм. Жоохон хүүхэд байсан учраас өрөөгөө цэвэрлэхгүй байх, сахилгагүйтэх үед ах нартаа бага зэрэг загнуулах, ганц хоёр цохиулах зүйл тохиолддог байсан. Байранд дээрэлхэлт гарсан тохиолдолд хүүхдүүд шууд л байрныхаа багш нарт хэлдэг. Багш үе шаттай арга хэмжээ авдаг учраас одоо бол дээрэлхэлт байдаггүй.

-Үе тэнгийн дээрэлхэлтэнд өртсөн хүүхдүүд аав ээждээ ч юм уу багш нартаа хэлэхгүй байх тохиолдол олон байдаг шүү дээ. Яагаад хэлдэггүй юм бол?

-Айдас. Яагаад гэвэл би өөрийгөө зургаадугаар ангийн хүүхэд байлаа гэж бодоход есдүгээр ангийн хүүхдэд дээрэлхүүлбэл тэр хүүхдийг аав ээждээ хэллээ гэхэд тэр есдүгээр ангийн ах намайг яг яах бол гэхээс айдаг. Хүүхэд болгоны толгойд тийм зүйл л бодогддог. Хоёрдугаарт үеийнхээ хүүхдүүдэд шоолуулахаас айдаг. Тийм болохоор л ээж аав, хариуцагчдаа хэлдэггүй байх.

Энэ жилийн шинээр орж ирсэн зургаадугаар ангийн хүүхдүүдэд ч бас дээрэлхэлттэй холбоотой хэрэг гарсан. Ер нь жил болгон л шинэ хүүхдүүд орж ирэхэд тиймэрхүү хэрэг гардаг.

-Чиний мэдэхээр яг тийм явдал болоод байрнаасаа гарч байсан хүүхэд байгаа юу?

Дотуур байрнаас нэг хүүхэд гарч байсан. Тэр хүүхэд нь хулгайн хэргээс болоод гарсан. Эхнийх дээрээ өрөөнийхөө хүүхдүүдийн мөнгө төгрөгийг авдаг байсан бол цаашлаад бүр тасралтгүй авдаг болоод найзууд нь уг нь өөрийг нь мэдчихээд “өгчих өө” гээд хэлэнгүүт би ерөөсөө тэгээгүй гээд байдаг. Тэр үед дотуур байр камертай болчихсон байсан. Тэгээд камераар шүүгээд яах ч аргагүй гараад ирсэн. Олон удаагийн үйлдэл байсан учраас тэр хүүхдэд арга хэмжээ аваад байрнаас гаргаж байсан.

Тэгвэл бид үе тэнгийн дээрэлхэлт дотуур байранд хэр их гардаг талаар болон түүнийг хэрхэн шийдвэрлэж, цагдаагийн байгууллагынхантай хамтарч ажилладаг эсэхийг Хөгжим бүжгийн коллежийн дотуур байрны багш Я.Гэрэлчулуунаас тодрууллаа.

Тэрбээр, “Би одоо дотуур байранд ажиллаад найм дахь жилдээ болж байна. Үе тэнгийн дээрэлхэлт бол байсан. Ер нь хүүхэд байгаа газар бүх зүйл төгс байна гэж байхгүй. Хүүхэд мэдээж алдаа гаргана. Зөрчил гаргана.

Манай байр зургаадугаар ангиас нь хүүхдүүдийг авч эхэлдэг. 6-12 дугаар ангийн хүүхдүүд манай дотуур байранд байдаг гэсэн үг. Хөдөөнөөс, ээж аавынхаа гар дээрээс Монгол Улсын Консерваторийн дотуур байранд өөрөөр хэлбэл над дээр ирж байна гэсэн үг.

Мэдээж тэр хүүхдүүдийн сэтгэл зүй их хэцүү байна шүү дээ. Ээж, аавыгаа санана. Ах, эгч, дүүгээ санана. Тэгээд энд байгаа дэг журмыг дагана. Өөрөө бүх юмаа хийх шаардлагатай болно. Хувцсаа угаана, хичээлээ хийнэ. Өрөөгөө цэвэрлэнэ оймсоо угаана гэх мэтчилэн энэ бүх юманд маш их ачаалал авдаг. Жишээлбэл би өрөөнд ороод “яагаад энэ өрөө чинь муухай байгаа юм” гэхэд л гэрээсээ дөнгөж ирсэн тэр хүүхдийн сэтгэл зүрхийг ураад л хаяна шүү дээ. Ах нар нь өрөөнд нь ороод чи одоо яагаад өрөөгөө цэвэрлэхгүй байгаа юм гэхэд л тэр хүүхэд шууд мэргэжлийн багш дээрээ очоод хэлдэг. Манайд бол нэг хүүхдэд нэг мэргэжлийн багш байдаг шүү дээ. Тэгээд мэргэжлийн багш нь шууд над руу хандаад танай дотуур ийм хэрэг гарсан байна гэдэг. Тиймээс би дээрэлхэлт үйлдсэн хүүхэд анхны удаа бол уулзаж сануулаад, эх, эцэг рүү нь заавал яриад нийгмийн ажилтанд мэдэгдэнэ. Эх, эцэг нь хүүхдэдээ бас сануулж хэлнэ. Би тэр  хүүхэдтэй бас хувьчилж уулзаж ярилцдаг. Үйлдэл нь олон давтагдвал байрнаас гаргах арга хэмжээ авдаг даа.

-Дотуур байранд хулгайн хэрэг гардаг уу. Мөн камержуулалт хэр вэ?

Ер нь журмандаа заачихдаг. Хэтэрхий үнэтэй эдлэл, гар утас хэрэглэхгүй байх гээд заачихсан байдаг. Жижиг хулгай бол гарна. Юуг нь нуух вэ. Цэнэглэгч алга болно. Хатаалгын өрөө нэг учраас цэнхэр цамц алга болно. Мөнгө төгрөг алга болно. Дотуур байранд 15 камер байдаг. Гадаа дөрөв, дотор 11 бий. Давхар болгондоо камертай. Хүүхдүүдийн өрөөнд бол камер тавьдаггүй.

Түүнчлэн бид сургуулийн дотуур байранд гарч буй хулгай, дээрэлхэлт зэрэг зөрчилд цагдаагийн байгууллагаас хэрхэн хамтарч ажилладаг талаар цагдаагийн хошууч Ж.Баасанжаргалаас тодрууллаа.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллагын зүгээс дотуур байрны багш нар болон нийгмийн ажилтантай нягт хамтарч ажилладаг. Дотуур байранд гэмт хэрэг биш ихэвчлэн зөрчлийн хэрэг гардаг. Бид тухай бүрд нь багш нартай нь хамтарч ажиллаад зөрчлийг арилгуулдаг. Мөн стандартын шаардлага хангасан камераар бүрэн камержуулсан байх шаардлага тавьж ажилладаг” гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө