Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй интернэттэй болно

Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй интернэттэй болно

Нийслэлийн иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчиход нь зориулж автобуснуудад үнэгүй wifi төхөөрөмж суурилуулахаар болжээ.

Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас нээлттэй сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад “Лариско медиа групп” ХХК шалгарч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компанитай өнөөдөр нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулав. Ингэснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглож, иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох юм.

Мөн өглөөний зургаагаас 22 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг бэлтгэн хүргэнэ. “Лариско медиа групп” нь хувийн хэвшлийн, үндэсний медиа технологийн компани бөгөөд "CNBC Mongolia" брэндийн онцгой эрхийг эзэмшигч юм. Хамтын ажиллагааны хугацаанд тус компани нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, CNBC-ийн олон улсын баг Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн НЗДТГ-аас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө