С.Уянга: Одонгоо авах гээд өмсөх хувцасгүй байгаа ээжид өөрийнхөө гоёлын дээл, гутлыг өгчихөөд огт харамсаагүй, харин ч баярласан

С.Уянга: Одонгоо авах гээд өмсөх хувцасгүй байгаа ээжид өөрийнхөө гоёлын дээл, гутлыг өгчихөөд огт харамсаагүй, харин ч баярласан

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн одон гардуулах ёслол өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн бөгөөд 11 мянга гаруй ээж "Алдарт эх"-ийн одонгоо хүртэж байгаа юм. Харин энэ долоо хоногт цахим орчинд “одонгоо авах гээд өмсөх хувцасгүй, тусламж хүссэн орон нутгийн нэгэн ээжид өөрийн гоёлын дээл, гутал, ээмэг зэргээ бэлэг болгон илгээсэн нэгэн иргэний пост олон хүнийг баярлуулж, эерэг сэтгэгдэл түгээсэн билээ.

Тухайн иргэнийг С.Уянга гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхлэхийн хажуугаар мото спортоор хичээллэдэг аж.  “Хүнд туслах хамгийн гоё зүйл, баярласан хүний нүдний харцнаас маш их эрч хүч авдаг. Тусламж хүссэн нэгэндээ муухай хандаж, хатуу үг хэлэхээсээ өмнө тухайн хүнийг ойлгох гэж хичээх хэрэгтэй. Ойлгож чадахгүй бол зүгээр л дуугүй өнгөрүүлж болно” гэж ярих тэрээр өмнө нь мөн сайн үйлсийн аян хийдэг байжээ. Бид энэ удаагийн “Social ID” буландаа түүнийг урьж, ярилцлаа.

ВИДЕО: 

-БИ САЙН ҮЙЛСИЙН АЯНД АМЬДРАЛЫНХАА ТАВАН ЖИЛИЙГ ЗАРЦУУЛСАН-

-Таны нэгэн ээжийг баярлуулсан явдал олон хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүллээ. Энэ талаар яриагаа эхлэе?

-Би өөрөө нярай, хүүхдийн хувцас хэрэглэл оруулж ирж зардаг болохоор ээжүүдийн группт байдаг.  Тэгээд нэгэн ээжийн тусламж хүссэн постыг харсан юм. Гэтэл хүмүүс дор нь маш муухай сөрөг хандлагаар коммент бичсэн байсан. Тэгээд тэр ээж рүү хувь чатаар “өөрийнхөө өмсдөг дээл, гутлын хэмжээг явуулаарай” гэсэн. Гэтэл яг надтай адилхан өмсдөг байж таарсан. Тэгээд л би өөрийн гоёлын дээл, гутал, ээмэг, бугуйвч гэх зүйлсээ бүгдийг нь баглаад орон нутгийн унаанд тавиад явуулчихсан. Ингэхдээ огт эргэлзэж, харамсаагүй. Харин маш их баярлаж, догдолсон. Өөрөө одон авах гэж байгаа юм шиг л. Ер нь одонгоо авч байгаа ээжүүд бүгд л хамгийн гоё дээрээ болоод очдог шүү дээ. Тэр ээж ч бас тэгж л очихыг хүснэ шүү дээ. Тэгээд л тусламж хүссэн байх.

-Тэр ээж одоо илгээмжээ авчихсан уу, их баярласан байх?

-Тийм ээ, маш их баярласан. Баярлаж байгааг нь хараад надад маш сайхан санагдсан. Уг нь 22-нд одонгоо авах ёстой байсан ч нэг дарга нь ирээгүй гээд Эх үрсийн баяраар одонгоо авахаар болсон гэсэн. Одонгоо авчихаад зургаа явуулна аа л гэсэн. /инээв/

-ХҮМҮҮС БИЕ БИЕНИЙХЭЭ ЮУ ТУУЛЖ, ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ МЭДЭХГҮЙ БАЙЖ ХАТУУ ҮГЭЭР НЭГНЭЭ ГОМДООГООД ХЭРЭГГҮЙ ГЭЖ БОДДОГ-

-Таны хувьд өмнө нь бас сайн үйлсийн аян хийдэг байсан юм билээ?

-Тийм ээ, “Зүрхэнд гэрэлтэх од” гээд пейжийг ажиллуулдаг байсан. Тухайн үедээ 60-70 гишүүнтэй. Хандивын тоглолт зохион байгуулж, нэг өвчтэй хүний эмчилгээний зардалыг олж байсан гэх мэт их л зүйл хийдэг байсан. Яг сайн үйлсийн аянд би амьдралынхаа таван жилийг зарцуулсан байсан. Одоо бол хувиараа бизнес эрхлээд, хоббигоо хөөгөөд, өөрийгөө хөгжүүлээд явж байна.

-Таны хувьд мото спортоор хичээллээд хэр удаж байна, яагаад энэ спортоор хичээллэх болов?

-Би мото спортоор 2021 оноос зориглоод хичээллэж эхэлсэн. Одоо “Khatuns” клубдээ харьяалагдаад явж байгаа. Ер нь бол сэтгэл санаагаар унах, стресстэх үедээ мотоциклоо унаад давхихаар сайхан болдог.

-Тэр ээжийн оруулсан пост дор сөрөг сэтгэгдэл үлдээсэн ээжүүдийг хараад юу гэж бодсон бэ?

-Хүмүүс бие биенийхээ юу туулж, яаж амьдарч байгааг сайн мэдэхгүй байж тэгж муухай хатуу үгээр нэгнээ гомдоож яаж чаддаг байна аа л гэж бодогдсон. Үнэхээр тэр хүнд сайхан үг хэлж чадахгүй бол юу ч битгий хэл, зүгээр дуугүй өнгөрөөх хэрэгтэй. Алдарт эхийн одон бол хамгийн шудрагаар авдаг шагнал шүү дээ. Энэ дашрамд одон авсан бүх ээжүүддээ баяр хүргэе, та нар мундаг шүү гэж хэлмээр байна. Бас хүмүүстээ хандаж хэлэхэд бие биендээ хатуу хандалгүй, аль чадахаараа туслахыг хичээж байя гэж уриалмаар байна.