Өнгөрсөн мягмар гарагт Лондон хотоос Сингапурын чиглэлд нисэж байсан “Singapore Airlines” компанийн нисэх онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нэг зорчигч амиа алдаж, 71 хүн бэртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Мьянмарын нутаг дээгүүр нисэж байсан 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүнтэй Boeing 777-300ER онгоц агаарын хүчтэй урсгалд орсныхоо дараа Тайландын нийслэл Бангкокт ослын буулт хийсэн юм.
Харамсалтай нь энэ үеэр Их Британийн 73 настай иргэн Жофф Кичен амиа алдсан бол бусад гэмтсэн зорчигчдийн биеийн байдлын талаар Бангкокийн Самитивеж Сринакарин эмнэлгээс өчигдөр мэдээлжээ. Одоогоор 41 хүн үргэлжлүүлэн эмчлүүлж байгаагийн тал нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж. Бэртсэн хүмүүсийн 22 нь нуруундаа гэмтэл авсан бол зургаан хүний биеийн байдал маш хүнд, үхэл амьдралын зааг дээр байгааг эмнэлгийн захирал Адинум Киттиратанапайбоол мэдээлжээ. Мөн зургаан хүний тархи, гавлын яс гэмтэж, 13 хүн булчин, зөөлөн эдийн гэмтэл авсан бол нуруу нугасны гэмтэл авсан 17 хүн мэс засалд орсон байна.
Бэртсэн хүмүүсийн хамгийн залуу нь болох хоёр настай хүүхдийн тархи доргижээ. Эмчлүүлэгчдийн дотор Британийн 10, Австралийн 9, Малайзын 7, Филиппиний 4 иргэн байгаа гэнэ. Хамгийн ахмад нь 83 настай хүн байгаа юм.
Одоогоор Сингапур улсын зам тээврийн яам нислэгийн үеийн хүчтэй донсолгоонд юу нөлөөлснийг тогтоох шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.