ЧУУЛГАН: Коронавирусын оргил дэгдэлт дөрөв, тавдугаар сард байх таамаг байна

ЧУУЛГАН: Коронавирусын оргил дэгдэлт дөрөв, тавдугаар сард байх таамаг байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.31/ үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсож байна. Коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шат дараатай арга хэмжээнүүдийг авч байгаа. Тодруулбал, өнөөдөр л гэхэд БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2-н хүртэл Монгол Улсын иргэдийг урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргасан.

Чуулганы хуралдаанд батлан хамгаалахын сайд, ҮАБЗ-ийн дэд тэргүүн Н.Энхболд коронавирусын эсрэг авч буй арга хэмжээнүүдийг танилцууллаа. Учир нь Шадар сайд Ө.Энхтүвшин онцгой дэглэмийн асуудалтай холбоотойгоор Францад ажиллаж байгаа аж. 

Тэрбээр “Засгийн газар хоёр удаа, Улсын онцгой комисс хоёр удаа, ҮАБЗ хуралдаж тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.  Хилийн боомт, хорио цээрийн бүсэд үүрэг гүйцэтгэж буй ажилчдыг шаардлагатай хамгаалалтын хувцас болон эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, шинжилгээ оношилгоонд хамруулах ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Голомтын бүсээс ирэх хүмүүст тусгай байр бэлдсэн. Санхүүжилтын арга хэмжээг хэлэлцэж байна. Нийтийн тээврийн эрүүл ахуй халдваргүйтлийг байнга хийж байгаа. БНХАУ-аас ирж буй хүмүүсийг үзлэг оношилгоонд хамруулж байгаа. Мэргэжлийн үзлэг хяналт хийж шаардлагатай хүмүүсийг тусгаарлаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бүх ажлыг хийж байгаа. 

Хүнсээр дутагдах асуудал гарахгүй. Цагаан сарын баярыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна. Албан байгууллага болон нутгийн золголт, бөхийн барилдаан болохгүй. Нийт улс орон даяар дагаж мөрдөх онцгой дэглэмийг зарласан. Бидний зүгээс боломжийн хүрээндээ 200 мянган долларын буцалтгүй тусламж БНХАУ-д  үзүүлэхээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Ухань хотод 33 иргэн амьдарч байна. Бүгдтэй холбоотой нь байна. Хоёр иргэн тэндээ үлдэнэ 31 иргэн Монголдоо ирнэ. Өнөөдөр БНХАУ-аас зөвшөөрөл олгосон. Онгоцоо хэзээ явуулж хэзээ иргэдээ татаж авахаа ярилцаж байна” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл болон холбогдох мэргэжилтнүүдээс хариулт авлаа. 

УИХ-ын гишүүүн О.Баасанхүү: Энэ ноцтой үед хилээр хэдэн хятад иргэн орж ирсэн. Энэ тоог мэдмээр байна. Нууц үед нь байгаа эсэхийг яаж мэдэх вэ. Гарын авлага, сургалт сурталчилгааг хийж байна. Иргэд халуурлаа гэхэд түргэн дуудах уу, халдвартад очих уу. Гуравдугаар сарын 02-ны өдөр гэдэг тоог яаж тооцоолж гаргасан бэ?

Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл: Монгол улс маскны нэг л үйлдвэртэй. Маскыг үйлдвэрлэж тодорхой хэмжээнд зарж байна. Түүхий эд дутагдалтай байна. Түүхий эдийн үйлдвэр Хубай мужид байдаг болохоор авч чадахгүй байна. Гэхдээ харилцаа холбоотой улс орон бидэнд бий. Тэд нараасаа авахаар ажиллаж байна. Манай иргэд их санаачилгатай ажиллаж байна. Маск хийж тарааж байгаа. Өнөөдөр л гэхэд  900 маскыг Монгол Солонгосын политехникийн оюутнууд авчирч өгсөн. 

Уг өвчин нь шинэ учраас улс орнууд бэлтгэлгүй байсан. Нууц үеийг 5 хоног гэж тооцож байгаа. Гэхдээ манай улсад орж ирээгүй учраас иргэд халуурвал шууд корона гэж үзэхэд хэцүү. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэгээр эмчилж байна. Гаднаас ирж байгаа иргэдийг  шууд тусгаарлаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Маск болон бусад юмны нөөц ямар байна. Даавуугаар зөөлөн маск оёод хэрэглэх санаачилгатай баймаар байна. Эрүүл мэндийн байгууллага судалгаагааа хэр хийж байна. Энэ өвчинд нэг их наяд төгрөгийн зардал гаргах гэж байгаа бол юунд зарцуулах вэ. Амьдралын түвшин тааруу хүмүүст хүнсээр туслах ёстой гэж бодож байна.

Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл: Жижиг дунд үйлдвэрийнхэн маань маск оёж нийлүүлэх үлгэр жишээ ажил хийж байна. Аль ч улс орон ийм өвчин үүснэ гэж мэдээгүй тул улс орнууд маскгүй байна. Маск авах мөнгөгүйдээ биш нөөц бага байна. Аль болох нөөцтэй орноос татаж байна. Эхний ээлжид нэн шаардлагатай нэг тэрбум төгрөгийн хувийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж байна.

Эрүүл мэндийн байгууллага судалгаа хийж байна. Урьдчилан сэргийлэх чиглэл болон бэлэн байдлын чиглэлд ажиллаж байна. Энэ хүрээндээ бүхий л судалгааг хийж байна. Орлого багатай иргэдэд хоол хүнс өгнө. Хүүхдүүдэд нь нэмэлт тэжээл өгөх Засгийн газрын шийдвэр гарсан.  Вирус дэгдэлт хэрхэн яаж үргэлжлэх вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Дөрөв, тавдугаар сард оргил үе байх таамаг байна. Судалгаа бол байхгүй. Таамаг л байна.  Аль болох шилджилт хөдөлгөөнийг багасгахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Уханаас ирэх оюутнуудыг Халдвартад тусгайхаалгаар оруулж тус, тусад нь нэг өрөөнд байлгаж ажиглана. Манай эмч мэргэжилтнүүд бэлэн байдалд байгаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хүнсний хэрэглээний нөөц байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.