Украины тал одоо фронтын шугам байгаа хилийг хүлээн зөвшөөрвөл В.Путин гал зогсоох хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэж Оросын эх сурвалжаас иш татан Reuters агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, нэрээ нууцлахыг хүссэн Оросын эх сурвалж тус агентлагад ярилцлага өгөхдөө, "В.Путин шаардлагатай бол тэмцэж чадна, гэхдээ В.Путин бас гал зогсоох буюу дайныг зогсооход бэлэн байгаа. Илүү их зүйлд хүрэхийн тулд дахин цэрэг дайчлах давалгаа хэрэгтэй ч В.Путин үүнийг хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ В.Зеленский гал зогсоохыг санал болгох хүртэл Орос урагшлах болно. В.Путин НАТО-гийн нутаг дэвсгэр дээр байлдах бодолгүй байгаа. Гэхдээ В.Путин "бид ялсан, НАТО бидэн рүү дайрсан, бид бүрэн эрхт байдлаа хадгалсан, Крымд хүрэх хуурай замын коридортой болсон гэж хэлэх болно" гэжээ.
Мөн В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков, "Орос улс яриа хэлэлцээнд нээлттэй байгаа бөгөөд мөнхийн дайныг хүсэхгүй байна" гэжээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч үүний хариуд нь "харин эсрэгээрээ Кремль дайныг зогсоох сонирхолгүй байгаа" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters