“Ардын хүү” хэмээн олонд алдаршсан холимог тулаанч О.Пүрэв өнгөрсөн оны наймдугаар сард нас барж элэг нэгт монгол түмэнд нөхөж баршгүй их гарз тохиосон. Тэрбээр амьд ахуй цагтаа “Empire” гэх өөрийн брэндийн пудволкоо гарган олон түмэнд худалдаалж байсан юм. Түүний сэтгэл зүрхээ шингээн бүтээсэн энэхүү брэнд нь хэсэг тасраад байсан ч түүний гэр бүлийн хүн буюу эхнэр нь дахин худалдаанд гаргаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Иймд түүний дуусгаагүй үргэлжлүүлж буй зоригт бүсгүй Н.Мөнхтуяатай бид ярилцлаа.
ВИДЕО:
“Нөхөр маань өөрийнхөө брэндийн пудволкноос худалдаж авсан хүмүүст хүндэтгэлтэй хандахын тулд өөрийн биеэр хүргэж өгдөг байсан. Иймд миний хувьд нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, түүнийхээ сэтгэлээ шингээн гаргасан пудволкийг өөрийн биеэр худалдан авагчдад хүргэж өгч байгаа. Хоёр хүүхдийнхээ төлөө гансраад суух биш урагш тэмүүлэхээс өөр сонголт надад байхгүй. Нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж байгаа нь харин ч сэтгэлд дэмтэй сайхан байгаа” хэмээн ярих түүнээс эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, ухаалаг чанарыг харж болно гэлтэй. Түүний гэр бүл өнгөрсөн зун шинэ байртай болсон бөгөөд олон түмний сэтгэлийн дэмээр бий болсон байрандаа тэрбээр хоёр хүүхдийнхээ хамт амьдарч, хажуугаар нь нөхрийнхөө эхлүүлсэн брэндийн пудволкийг зарж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-“Empire” брэндийг танай нөхөр амьд ахуй цагтаа эхлүүлж байсныг хүмүүс сайн мэдэх байх. Анх яагаад эхлүүлэх болсон юм бол. Тэр үеэсээ хуваалцахгүй юу?
-Манай нөхөр холимог тулаанч хүн байсан учраас пудволконд дуртай байсан. Тэгээд өөрөө анх энэ төрлийн брэнд гаргаж зармаар байна гэж байсан. “Empire” брэндийн пудволконд манай нөхрийн бие, сэтгэл бүх зүйл шингэсэн байгаа. Би өөрөө сэтгэл санаагаар унаад хэцүү үеүүдийг туулж байхдаа нөхрийнхөө гаргасан энэ брэндийг зарна гэсэн хүсэлтэй байсан. Харин хэнд ч хэлээгүй байж байгаад өчигдөр л анхныхаа постыг хийхэд хүмүүс маш сайхан хүлээж авлаа. Үнэндээ эмэгтэй хүн эзэн Чингис хааны зурагтай хувцас зараад явахад сөргөөр хүлээж авах болов уу гэсэн айдас байсан. Тэгээд өчигдөр постоо хийхэд, “зөв шүү”, “авъя”, “байхад нь авч чадаагүй юм” гэж олон хүмүүс ярьсан. “Empire” брэндийнхээ пудволкийг өмсөөд явахад олон хүмүүс энэ нөгөө тулалддаг холимог тулаанчийн пудволк байна гээд таньж байсан шүү. Өнөөдөр өөрийн биеэр хүргэлтээ хийгээд явахад хүмүүс автобусан дотор зураг даруулаад л, гарцан дээр ч хүртэл зураг даруулаад л их сайнаар хүлээж авсан.
Энэ бүхнээс “би чинь нээрээ ийм мундаг хүний эхнэр шүү дээ” гэсэн бодол төрж, нөхрөөрөө үнэхээр их бахархаж байлаа.
-Танай энэ байр О.Пүрэв агснаас хойш олон түмний сэтгэлийн дэмээр бий болсон гэж ойлгож байгаа. та энэ талаараа хуваалцаач. Мөн танай гэрт О.Дүрэв агсанд зориулж тохижуулсан булан байх шиг байна. Энэ талаар ярихгүй юу?
-Манай нөхрийг бурхан болоод удаагүй байхад “MGL” холбооноос аян зохион байгуулаад иргэд болон мэргэжлийн тамирчид, багын найзууд зэрэг олон хүмүүсийн итгэл сэтгэлийн дэмээр бий болсон энэ байрандаа бид гурав тав тохитой дулаахан сайхан байгаа. Гэрийнхээ нэг буланг нөхөртөө зориулж тохижуулсан. Мөн нөхөртөө зориулж монгол урлаачаар авдар хийлгээд нөхрийнхөө эдэлж хэрэглэж байсан бүх л зүйлсийг хадгалж байгаа.
Манай нөхрийн анх өмсөж ялалт байгуулсан өмсгөлийг ханандаа жаазанд хийгээд өлгөсөн. Миний хамгийн хайртай хэсэг бол энэ. Нөхрөө санахаараа л ийшээ хардаг даа.
-Нөхрөөсөө хойш мэдээж олон хүнд хэцүү үеүүдийг давж туулсан байх. Харин одоо нөхрийнхөө брэндийг үргэлжүүлэн зараад явж байхад өөрт чинь ямар санагдаж байна?
-Завгүй ч гэсэн нөхрийнхөө гаргасан брэндийг зараад явж байгаа нь хэцүү ч өөрт жаргалтай байгаа. Би тэгж мэдэрдэг юм болов уу мэдэхгүй юм. Нөхрийнхөө пудволкийг өмсөөд явахад өөртөө итгэлтэй, дотроос хүч өгсөн мэдрэмж авдаг. Одоо бол инээгээд л зүгээр байгаа юм шиг хэрнээ нөхрөө бурхан болсноос хойш хоёр сарын хугацаанд ухаан мэдрэл орон гаран хүн шиг л байсан. Нэг хэсэг хамаг ажлаа гэртээ л байдаг байсан. Би чинь нөхөртэйгөө ханилаад 10 гаруй жил болсон шүү дээ. Энэ хугацаанд бид хоёрт босох үе ч байсан. Унах үе ч байсан. Манай нөхөр холмиог тулаанд хүч үзээд Монголынхоо нэрийг гаргасан бүх зүйлст бид хоёр хамт л байсан. Цаашдаа ч бүх зүйл гоё сайхан болоод амьдрал үргэлжилнэ гэж бодож байтал нэг л өдөр нөхөр маань гэнэт байхгүй болчихсон. Тэгэхэд би одоо яаж амьдарна даа л гэж бодсон. Амьдарч чадах уу үгүй юу гээд нэг хэсэг үнэхээр хэцүү байсан ч хоёр хүүхдийнхээ төлөө сул дорой байж болохгүй, хүчтэй байх хэрэгтэй гэж бодоод өөрийгөө маш их шаргуу ажиллуулж эхэлсэн. Бүр шөнө ч унтахгүй онлайн захиалга аваад л ажиллаад байж байсан чинь нэг л мэдэхэд дөрвөн сар өнгөрчихсөн байсан даа.
-О.Пүрэв агсныг нас барснаас хойш нөхрийгөө бусдад ямар үнэ цэнтэй хүн байсан бэ гэдгийг илүү их ойлгосон байх тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Эр хүн гэдэг чинь гэр бүлдээ үлгэр жишээ болсон хүн байдаг даа. Манай нөхөр бол тэр үлгэр жишээг тултал мэдрүүлсэн хүн. Эмэгтэй хүнтэй яаж хүндэтгэлтэй харьцах тэр бүхнийг маш сайн мэддэг хүн байсан. Нарантуулд ажилд ороод анх нөхөртэйгөө танилцаж байлаа. Тэр үед манай нөхөр надад анхны харцаар дурласан гэж ярьдаг юм.
-Нөхөр тань ер нь ямархуу хүн байсан бэ. Маш шаргуу хүн байсан юм шиг санагддаг?
-Манай нөхөр үнэхээр шаргуу ажилладаг хүн байсан. Өдөржингөө зах дээр наймаагаа хийгээд, өдөрт нэг цаг л унтвал унтана. Тэр их эрч хүч хаанаас нь гардаг юм бол гэмээр л хүн байсан. Хамгийн биширмээр нь наймаагаа хийнэ, жингээ хасна, бэлтгэлээ хийнэ. Тэгсэн хэрнээ хаана л явна инээгээд л явж байдаг.
Өглөө болгон наймаг үнсэнэ. Гарахдаа “хайр нь бэлтгэлээ сайн хийж байгаад ирнэ. Миний гурван аз жаргал гэртээ гоё байж байгаарай” гээд гоё энерги өгөөд гардаг байсан. Одоо өглөө сэрэхэд хажууд тийм хүн байхгүй болохоор надад угаасаа л хичээхээс өөр сонгол байхгүй. Хүнд чинь хүнд өгсөн мэдрэмжийн орон зай гэж байдаг даа. Яг тийм зүйл маш их байдаг. Өглөө гунигтай сэрэх үед нөхөр маань санаанд орно. Нөхрөө санах болгондоо ус ууна. Манай нөхөр өглөө болгон “хайраа усаа уугаарай” гэдэг хүн байсан. Яг тэр нь нүдэнд харагдаад өглөө босоод л ус уудаг. Амьдад нь бид гуравт хэвшүүлж байсан бүх л зүйл байхгүйд нь хүртэл хэвшмэл, дадал болчихсон байдаг юм байна лээ.
-Энэ бүх хэцүү зүйлийг даван туулахад хамгийн их хань болж, сэтгэлийн тэнхээ болж байгаа зүйл таны хувьд юу вэ? Мэдээж хоёр хүүхэд нь байх тийм үү?
Манай хоёр хүүхэд бол миний гунигтай, уналттай үеийн босох мэдрэмж байдаг. Манай хүү царай нь яг аавтайгаа бдилхан. Намайг үнэхээр их бодно, хайрлана. Манай охин хүний хайрыг татсан, яриа охин байдаг. Хүүхдүүд маань үргэлж “та мундаг шүү, Та чадна шүү” гээд байгаа нь урам зориг, эрч хүч өгч байдаг даа. Хоёр хүүхэд маань тойрч гүйгээд нүдэн дээр урамшуулаад байгаа юм чинь надад хичээхээс өөр сонголт байхгүй.
-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлийг илүү олон сайхан зүйлс хүлээж байгаа гэдэгт итгэж байна.