АТГ-аас өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавын өрөөнд нэгжлэг, шалгалт хийжээ

АТГ-аас өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавын өрөөнд нэгжлэг, шалгалт хийжээ

Эргэлт.мн сайтад энэ сарын 07-ны өдөр /2024.05.07/ "УИХ-ын гишүүн Т.Доржхандын сонгуулийн санхүүжилтийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирал Г.Дугаржав "босгож" байгаа гэв үү", "Т.Доржхандын "тавиул" Г.Дугаржав Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тонож, хятадуудын гар хөл болж байна уу" гэх мэт гурван цуврал нийтлэл нийтлэгдсэн. 

Уг нийтлэлд Г.Дугаржавыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн бага агуулгатай төмрийн хүдрийг хятад түншүүддээ тендергүйгээр өгдөг. Мөн дээрээс нь, өндөр агуулгатай төмрийн хүдрийг гаальд худал мэдэл мэдүүлэн борлуулж, улсад их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй. Г.Дугаржавын энэ хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллага хянаж эхэлсэн. Г.Дугаржавын энэ мэт булхай, луйварын ард түүний найз ХҮН-ын дарга Т.Доржханд байгаа гэж бичсэн байв. 

Тэгвэл өчигдөр /2024.05.27/ Г.Дугаржав тэргүүтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд Авлигатай тэмцэх газраас нэгжлэг, шалгалт хийсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Авлигатай тэмцэх газрын комиссарууд бүтэн өдөржин тус үйлдвэрт ажилласан аж. Авлигатай тэмцэх газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд ямар учраас нэгжлэг хийсэн нь анхаарал татаж байна. Энэ ажиллагаа магадгүй дээрх нийтлэлийн агуулгатай холбогдох уу гэдэг хардлага ч байгаа юм.  Мөн тус үйлдвэрийн удирдлагууд нь хуучин онтой автобусуудыг өндөр үнээр авсан, акталсан автобусанд тоноглол шахсан байж болзошгүй гэх мэдээлэл байдаг. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн 2022 оны аравдугаар сард /2022.10.21/ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, захирлаараа Г.Дугаржавыг томилсон.  Г.Дугаржавыг томилох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан юм.