Монгол дугуйчин Б.Очирвааньд “Манчестер Юнайтед”-аас “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд тоглох урилга өгчээ

Монгол дугуйчин Б.Очирвааньд “Манчестер Юнайтед”-аас “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд тоглох урилга өгчээ

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд зорьсон газартаа хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн алдарт тоглогч Рүүнитэй биечлэн уулзсан бөгөөд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглох урилга авчээ. Энэ талаар Б.Очирваань өөрийн цахим хуудастаа, “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Зургаан цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100 хувь биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр “Олд Траффорд”-д хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Постоос хойш гурван цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь “Манчестер Юнайтед”-аас холбогдож байна гэсэн мессеж байв.

-Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

-Тийм ээ, би маш их хүсэж байна.

-Пүрэв гарагт “Олд Траффорд”-д болох шоу тоглолтод урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо” гэжээ. Тэр маргааш “Олд Траффорд”-д тоглож, насан туршийн мөрөөдлөө биелүүлнэ.