Сүүлийн нэг хоногийн дотор хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг хоёр Солонгосын хилийг давуулан нисгэснийг БНСУ-ын зэвсэгт хүчин өнөөдөр мэдээлжээ.
Мягмар гарагийн шөнөөс хойш уг бөмбөлгүүд тус улсын олон бүс нутагт газардсаныг бүртгэсэн байна. Агаарын бөмбөлгүүдэд хуванцар сав, дууссан батарей, урагдсан гутал, тэр ч байтугай мал амьтны ялгадас агуулсан ууттай хогнууд байсан аж. “Умард Солонгосын энэ үйлдэл нь олон улсын хууль дүрмийг илт зөрчиж, манай хүн ардын аюулгүй байдалд заналхийлж байна. Энэхүү хүнлэг бус, бүдүүлэг үйлдлээ даруй зогсоохыг хатуу анхааруулж байна” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгджээ.
Өмнөд Солонгосын идэвхтнүүд Пёняны дэглэмийн эсрэг суртал нэвтрүүлгийн материал бүхий агаарын бөмбөлгүүдийг Умард Солонгосын нутаг руу үе үе хөөргөдөг. Умард Солонгосын тал үүний эсрэг ижил төстэй хариу арга хэмжээ авсан нь энэ бололтой.