УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 27-28-ныг шилжих шөнө нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Ц.Гарамжав нь Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн юм.
Энэ үеэр "Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг "Баялаг бүтээгчдийг ашигтай, орлоготой байлгахын төлөө бодлого гаргадаг төр нь тэдний эсрэг үйлдэл гаргаж байна. Ц.Гарамжав гуайн хойно олон бизнес эрхлэгч бий. Түүнийг өнөөдөр суллах байх гэж бодож байна. Ямар шалтгаанаар хорьж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Авлигатай Тэмцэх Газар хүмүүсийн гомдол мэдээллээр хүнийг хорьж, цагдаж болдог юмуу. Эсвэл цаана нь ямар нэгэн том асуудал байгаа юмуу. Ц.Гарамжав гуайг олон жил шалгасан. Хөгжлийн Банкны санхүүжилтээр хамгийн амжилттай яваа төсөл нь "Монполимет" компанийнх. Бизнес эрхлэгчдээ айдаст автуулж, итгэл үнэмшлийг нурааж, сэтгэлзүйн хохиролд оруулдгаа больж, тэднийг нугачмааргүй байгааг эрх барьж буй хүмүүст анхааруулж хэлье.
Бизнес эрхлэгчид авлигал өгдөг хүмүүс биш. Бидэнд хэн нэгэнд авлигал өгөх мөнгө байдаггүй юм. Төрөөс боломжийг олгосон, цэвэрхэн эдийн засаг, бизнесийн орчныг хүсдэг, шаарддаг. Авлигал өгч тендер авдаг, асуудлыг шийдүүлдэг бизнес эрхлэгчид байдаггүй юм" гэж ярилаа.
Мөн тус холбооны төлөөлөл "Монголын төр бизнес эрхлэгчдийг боомилдог гэж олон жил дуугарч байгаа. Улс төрийн энэ үед үгээ хэлдэг, тодорхой хэмжээнд улс төрийн албан тушаал эрхэлж, асуудлуудыг шийдүүлсэн хүнийг барьж, хорьсон нь эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулж байгаа хэрэг юм” гэв.
АТГ-аас өчигдөр Ц.Гарамжавыг мөнгө угаасан, өөрийн нэр дээрх лицензүүдийг хууль бусаар олж авсан хэргээр саатуулсан гэж мэдээлээд байсан юм.