Монгол Улсын Засгийн Газрын Лхавга гарагийн/2024.05.29/хуралдаанаар аймгуудын баяр наадам, хурдан морины бүсийн уралдааны товыг гаргасан.
Ингэхдээ Булган аймгийн баяр наадмыг долдугаар сарын 7-8, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд, Орхон аймгийн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтов. Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгажээ.
Энэ онд Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож байна.