Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХЭҮК, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран “Хүүхдийн марафон-2024”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл ярианы, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд оролцож байгаа юм.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид марафоныг нээж хэлсэн үгэндээ "Хүн бүр хүүхдийн эрхийг хамгаалах ёстой үүрэг хүлээгч юм. Жил бүрийн 06 дугаар сарын 1-ний өдөр энэ үүргийг томчууд бидэнд сануулдаг. Нөгөөтээгүүр, хүүхэд эрхээ мэддэг болсноор өөрийнхөө эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг зөрчдөггүй иргэн болж төлөвших суурь бүрддэг. Тиймээс хүүхэд бүр үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход гар бие оролцдог, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлдэг байгаасай. Оролцогч хүүхдүүддээ амжилт хүсье" гэлээ.
Нээлтийн дараагаар 6-7 нас, 8-9 насны хүүхдүүдийн марафон гүйлт зохион байгуулагдсан бөгөөд гүйлтэд оролцсон хүүхдүүдэд батламж, дурсгалын зүйл гардууллаа.
Марафон гүйлт
12.30-13.30 цаг 10-11 нас /1 км/
13.30-14.30 цаг 12-13 нас /1км/
14.30-15.30 цаг 14-15 нас /1.5км/
15.30-16.30 цаг 16-17 нас /1.5км/ үргэлжилнэ.