Э.Энгүүнбат: Багаасаа дуулах дуртай байсан учраас ээжтэйгээ ярилцаад Voice kids шоунд оролцож, хамгийн сайхан дурсамжийг бүтээсэн

Э.Энгүүнбат: Багаасаа дуулах дуртай байсан учраас ээжтэйгээ ярилцаад Voice kids шоунд оролцож, хамгийн сайхан дурсамжийг бүтээсэн

“The Voice Kids Mongolia” шоу нэвтрүүлэг саяхан болж, Монголын олон бяцхан авьяастнууд тодрон гарлаа. Тэдний нэг бол Э.Энгүүнбат. Тэрбээр тус шоу нэвтрүүлгийн хагас шигшээд шалгарч, тун амжилттай оролцсон. Мөн түүнийг харж олон мянган хүүхдүүд урам зориг авсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэрбээр харааны бэрхшээлтэй ч энгийн хүүхдүүдийн сургуульд буюу 50 дугаар сургуулийн зургаадугаар ангид амжилттай суралцаж буй онц сурлагатан нэгэн. Иймд бид олон хүүхдүүдэд урам зориг болгох үүднээс Э.Энгүүнбаттай ярилцлаа.

ВИДЕО:

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурахад олон хэцүү зүйлс гарах хэдий ч түүний хувьд компьютер ашиглан өөрийн асуудлаа шийдэж, ангийн найзуудынхаа тусламжтайгаар ямарваа нэгэн саад бэхршээлгүй суралцаж байгаа бөгөөд энгийн сургуульд суралцдагтаа баярладаг хэмээн бидэнд ярьсан юм. Мөн Э.Энгүүнбатын хувьд 2 дугаар анги хүртлээ тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуульд сурч байсан ба зориг гарган энгийн хүүхдүүдийн сургуульд суралцахыг ээжээсээ гуйснаар гуравдугаар ангиасаа эхлэн 50 дугаар сургуульд элсэн суралцжээ. Харин одоо тэрбээр ангидаа онц сурлагатан болж, олон найзтай болохын зэрэгцээ “The Voice kids Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцож өөрийгөө батлан харуулж буй авьяаслаг, хичээнгүй, сэргэлэн цовоо нэгэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Хүмүүс чамайг “Voice kids” шоугаар нь нэлээд таньдаг болох шиг боллоо. Ер нь чиний хувьд хэдэн настайгаасаа эхлэн дуулж эхэлсэн бэ. Мөн энэ тэмцээнд яагаад оролцох болсон юм бол?

-Хоёр настайгаасаа эхлэн дуулж эхэлсэн. 8 настай байхдаа ер нь л их дуу сонсдог дуулах дуртай нэгэн болсон доо. Анх манай ээж “Voice kids Mongolia” шоуны бүртгэлийг хараад, намайг орох уу гэж асуугаад тус шоу нэвтрүүлэгт оролцсон.

-Энэ шоуны тайз дэлхийн хэмжээний нэлээд том тайз шүү дээ. Чиний хувьд хэр сандралтай байв?

-Blind audition шатанд үзэгчдийн дуу үнэхээр чанга сонсогдож байсан нь жаахан сандрал өгдөг юм байна лээ. Гэхдээ үзэгчдээс илүү шүүгч эргэхэд илүү их догдолж, сандарсан. Энэ шоуны тайз нь их гоё, бүх зүйл нь маш чанартай. Итгэл, зүтгэл гаргаж зохион байгуулсан юм шиг санагдсан.

-Энэ шоунд ороод хамгийн гоё байсан зүйл нь чиний хувьд юу байв?

-Манай Ука шүүгчийн багийн бэлтгэл хамгийн гоё байсан. Зөндөө олон дурсамж бүтээсэн. Бид нар бассейны эрхээр хүртэл шагнуулсан. Ер нь энэ шоуны хамгийн гоё нь багаараа бэлтгэл хийх л байсан даа. Шоунд оролцож байхдаа хичээлээсээ нэлээн хоцроод байсан. Одоо бол шалгалтуудаа өгөөд, амжилттай зургаадугаар ангиа төгссөн. 

-Чиний хувьд 50 дугаар сургуульд суралцдаг шүү дээ. Энгийн сургуульд суралцахад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байна уу?

-Сургуульд явах гоё санагддаг. Хичээлүүд нь ч гоё. Миний хувьд зөндөө олон найзтай болохоор энгийн сургуульд орсондоо огт харамсдаггүй. Хүндрэлтэй зүйл гэвэл самбар дээр бичсэн зүйлийг заавал хүүхдээр уншуулах шаардлагатай болдог. Гэхдээ найзууд маань сайн тусалдаг болохоор нэг их хэцүү зүйл байдаггүй.

омпьютер дээр бүх хичээлээ хийдэг гэж сонссон. Хэддүгээр ангиасаа компьютер дээр ажиллаж сурсан бэ. Хэн чамд анх зааж өгсөн юм бол?

-Анх гуравдугаар ангид байхдаа компьютер дээр хэрхэн ажиллахыг ээжээрээ заалгаж байсан. Компьютер хэрэглэхээс өмнө буруу бичих зэрэг зүйлс гардаг байсан болохоор ээж маань компьютер дээр ажиллуулья гэсэн шийдвэр гаргаад би хоёр долоо хоногийн дотор л шивээд сурчихсан. Хүндрэлтэй зүйл гэвэл математик, физикийн тэмдэгтүүдийг бичихэд хэцүү. Зургаадугаар ангид язгуур, координатын тэнхлэг зэрэг зүйлс ордог болохоор тэд нарыг сурахад жаахан хэцүү байдаг.

-Гэр бүлийнхэн нь чамайг хэрхэн дэмждэг вэ?

-Манай өвөө эмээ надад маш их тусалдаг. Мөн ээж маань дөрвөн хэлтэй, ах маань ч бас англи хэлтэй болохоор надад дуулахад аялгын тал дээр сайн тусалдаг юм. Бас би өөрийгөө юмыг их хурдан сурдаг гэж боддог. Ука шүүгч ч надад тэгж хэлж байсан.

-Үзэгчид ч бас чамд их сайн байх шиг байсан. Ер нь үзэгчдээс ирж байгаа санал сэтгэгдэл, чамайг дэмжиж байгаа байдал чамд ямар санагдсан бэ?

-Тэмцээнд оролцож байхад үзэгчид бүгдээрээ босож алга ташаад, шүүгч нар хүртэл уяраад байгаа нь гоё байсан. Ер нь зөндөө олон гоё дурсамж бүтээсэн. Хүмүүс ч намайг үнэхээр сайн дэмжиж байсан.

-Өмнө нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуульд суралцаж байсан гэж эмээгээс нь сонссон. Тэр үед ямар байсан бэ. Бас яагаад одоогийнхоо сургуульд суралцах болсон юм бол?

-1, 2 дугаар ангид байхдаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуульд сурдаг байсан. Тэр сургууль нь гэрээс хол болохоор дотуур байрандаа байрлаж суралцаг байсан юм. Тэгээд давхар бэрхшээлтэй хүүхдүүд их байсан болохоор надад нэлээн хүндрэл тулгарсан. Хоёрдугаар ангиа төгсөөд л ээжээсээ энгийн сургуульд оръё гэж гуйгаад 50 дугаар сургуульд орсон доо.

-Магадгүй чамайг хараад маш олон хүүхдүүд урам зориг авах байх гэж бодож байна. Чи тэр хүүхдүүдэд хандаж зөвлөж хэлэх зүйл чинь юу вэ?

-Намайг үзэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд над шиг сурмаар байвал би чадахгүй юм байна гэж шантарч огт болохгүй. Хичээл зүтгэл гаргаад харахгүй байсан ч, явж чадахгүй байсан ч хүсвэл, өөрөө хичээж чадвал амжилттай суралцаж чадна. Гол нь бууж өгч болохгүй, сайн хичээх хэрэгтэй. Мөн намайг дэмждэг гэр бүлийнхэн, найз нөхдөдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан чамд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө