Хүрэл зэвсгийн үед Монгол нүүдэлчид хүрэл тогоонд хиам болон сарлагийн сүүгээр айраг хийж байсныг тогтоожээ

Хүрэл зэвсгийн үед Монгол нүүдэлчид хүрэл тогоонд хиам болон сарлагийн сүүгээр айраг хийж байсныг тогтоожээ

Одоогоос 2700 орчим жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан нүүдэлчид хүрэл тогоонд малын цус, үр тариаг хольж хиам болон сарлагийн сүүгээр айраг хийж байсныг тогтоожээ.

Швейцарийн Базелийн их сургуулийн доктор Шеван Вилкинээр ахлуулсан олон улсын судалгааны баг өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Шинжлэх ухааны тайлан сэтгүүлд нийтлүүлснээр Монголын хойд нутгаас малтсан хүрэл тогоонд уургийн шинжилгээ хийж, уг тогоо нь амьтдын цусыг цуглуулан хиам хийж, сарлагийн сүүгээр айраг хийж байсан нь тогтоогдсон байна.

Тодруулбал, Евроазийн тал нутгаас хүрэл зэвсгийн болон төмрийн зэвсгийн үеийн олон тогоо олдсон ч яг ямар зориулалтаар хэрэглэж байсан нь тодорхойгүй байсныг судалгааны багийнхан онцложээ. Тэд энэхүү судалгаандаа 2019 онд Монголын хойд хэсгийн Цагаан толгой гэх газраас нүүдэлчдийн олдворын хамт олдсон хоёр хүрэл тогоонд протеомикийн өргөн шинжилгээ хийсэн байна.

Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр эдгээр тогоонуудыг 2700 орчим жилийн өмнө буюу хожуу хүрэл зэвсгийн үед ашиглаж байсныг тогтоосон аж.

Судалгааны багийнхан мал нядалгааны явцад тогоонд цус цуглуулж, үр тариатай хольж хиам хийдэг байсан нь орчин үеийн монголчуудын хоол хийх ёс заншилтай ижил төстэй гэж үзжээ. Мөн Монголд сарлагийг өмнө нь илрүүлж байснаас хамаагүй эрт гаршуулж, сааж байсныг харуулж байна гэж Швейцарийн Базелийн их сургуулийн доктор Шеван Вилки хэлсэн байна.

Эх сурвалж: SBS