Японы томоохон барилгын компани “Sekisui House” Токио хотын баруун талд оршдог Кунитачи дагуул хотод баригдсан, ашиглалтанд ороход бэлэн болоод байсан 10 давхар орон сууцны барилгаа ойр орчмын оршин суугчдын гомдлын улмаас нураахаар болсныг өчигдөр мэдэгджээ.
Ойр орчмын иргэд Фүжи уулыг халхалсан гэх гомдол гаргаад байсан бөгөөд “Sekisui House” иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр барилгын анхны зураг төсөв 11 давхар байсныг 10 болгож, давхар тус бүрийн өндрийг бууруулаад байжээ. Гэсэн хэдий ч эцсийн гүйцэтгэл иргэдийн сэтгэлд хүрээгүй тул барилгаа нураах ховор шийдвэр гаргасан байна.
Энэ талаараа тус компани “Бид байгалийн үзэмжийг үнэлдэг орон нутгийн соёлыг мэдэж байсан ч үүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж чадсангүй. Тиймээс бид захиалагчдаасаа уучлал гуйж байна. Дахин ийм алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллахаа амлаж байна” гэж мэдэгджээ. Барилгын ихэнх байр 70 саяас ($445,319) 80 сая иений хооронд үнээр зарагдаад байжээ.
Эх сурвалж: Asahi.com