Олимпын аварга Э.Бадар-Ууган нарт хүндэтгэл үзүүлээгүй, МҮОХ-ны мэндчилгээг уншаагүй "санаатай" орхигдуулсан алба хаагчдад хариуцлага тооцохыг шаарджээ

Олимпын аварга Э.Бадар-Ууган нарт хүндэтгэл үзүүлээгүй, МҮОХ-ны мэндчилгээг уншаагүй "санаатай" орхигдуулсан алба хаагчдад хариуцлага тооцохыг шаарджээ

Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ жил /2024/ тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 24-ний /2024.05.24/өдөр "Биеийн тамир, спорт-Шинэ сэргэлт" улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, баяраа тэмдэглэсэн байна. 

Тус арга хэмжээнд Монголын үндэсний олимпын хороог албан ёсоор төлөөлж, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Бээжин 2008" Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар хүндэт зочноор уригдан оролцсон аж.

Гэтэл зөвлөгөөний нээлтийн үеэр тэднийг Хүндэт зочноор танилцуулаагүй төдийгүй Монголын үндэсний олимпийн хорооны мэндчилгээг хөтөлбөрт багтаан оруулж, унших бололцоог олгоогүй байна. Үүгээр ч зогсохгүй үе үеийн олимп, дэлхий аваргуудын нэрийг уншиж, хүндэтгэл үзүүлсэн ч Олимпийн аварга Э.Бадар-Ууганы нэрийг мөн л дуудаагүй байна. 

Тиймээс Монголын үндэсний олимпийн хорооноос Биеийн тамир, спортын улсын хороонд хандан албан бичиг илгээж, "Биеийн тамир, спортын салбарын 100 жилийг үгүйсгэж байгааг эрс буруушааж, дээрх бүдүүлэг алдаа гаргасан төрийн алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардсан" гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн дээрх арга хэмжээний үеэр Монголын үндэсний олимпийн хорооны хүндэт зочдыг танилцуулаагүйд  Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ихэд бухимдаж, алдаа гаргасан хүмүүст нэн даруй хариуцлага тооц гэдгийг хатуу анхаарулсан гэх мэдээлэл байгаа юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл ажилласан аж.

Тэрбээр Монголын үндэсний олимпийн хороо, тэр дундаа Олимпийн аварга Э.Бадар-Уугантай хувийн таарамжгүй харилцаатай учир дээрх үйлдлийг гаргасан байж магадгүй байгаа юм байна. Ямартай ч дээрх бүдүүлэг, ёс зүйгүй алдаа гаргасан хүмүүс одоогоор ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн талаарх мэдээлэл Монголын үндэсний олимпийн хороонд ирээгүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.