Фүкүшима мужийн Шинчи хотхонд амьдардаг Монгол Улсын иргэн, гэрийн эзэгтэй, 43 настай Ара Олгиртя цөлжилтийг аль болох таслан зогсоохын тулд төрөлх хотдоо ирэх хавраас мод тарьж эхэлнэ гэж Япон Улсын Minpo сайтад ярьжээ.
Тэрбээр тус сайтад өгсөн ярилцлагадаа, “Миний гэр говь нутгийн хойд хэсэгт байдаг. Би эхний жилдээ 2 мянга 500 орчим мод тарьж, урт хугацаанд 50 га ойг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ санааг маань дэмжиж хамтран ажиллах санал тавьж буй хүн олон байгаа. "Би цэвэр агаар, элбэг дэлбэг ногоон байгууламжтай устай байгаль бий болгохыг хүсэж байна" гэжээ. Түүний хувьд Өмнөговь аймгийн Мандал Овоо гэх газарт мод тарих аж. Ингэхдээ гүний устай 10 га талбайд 2 мянга 500 орчим өргөн навчит хайлаас мод тарих юм. Мөн уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор гуравдугаар сард "Говь но Мидори" нэртэй байгууллага байгуулсан байна.
Ара Олгиртя гэх монгол эмэгтэй нь найзынхаа танилцуулгаар Японы Шинчи хотхоны нэгэн залуутай гэрлэж, 2006 онд тус улсад очиж суурьшсан бөгөөд өдгөө тэд хоёр хүүхэдтэй. Тус гэр бүр коронавирусын улмаас сүүлийн жилүүдэд эх орондоо ирж чадаагүй ч өнгөрсөн оны тавдугаар сард таван жилийн дараа төрсөн нутагтаа ирэхдээ байгаль орчин эрс өөрчлөгдсөнийг олж мэджээ. Маш олон том хэмжээний элсэн шуурга тавьж, амьдрах орчин муудсанаас болж элсэн шуурга багатай нийслэл Улаанбаатар хот руу олон залуус нүүж буйг харсан. Тиймээс монгол орныхоо байгалийг хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, буцаж ирээд найзуудтайгаа зөвлөлдөж, мод тарих ажлыг эхлүүлсэн хэмээн Minpo сайт нийтэлжээ.