"Замын цас хайлуулах давс, бодис хилээр оруулж ирээгүй" ч "нийслэлд олон мянган тонныг нийлүүлсэн" гэж мөнгө авсан компаниудыг АТГ-ын шалгалтаар тогтоожээ

"Замын цас хайлуулах давс, бодис хилээр оруулж ирээгүй" ч "нийслэлд олон мянган тонныг нийлүүлсэн" гэж мөнгө авсан компаниудыг АТГ-ын шалгалтаар тогтоожээ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын халтиргаа гулгаа өвлийн улиралд эрс нэмэгдэж, энэ хэрээрээ иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол олонтой гардаг. Энэ нь халтиргаа гулгааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил, зам дээр цацаж байгаа давс, бодисын чанартай шууд холбоотой гэдгийг хэлэх хүн олон байдаг.

Тэгвэл АТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2022-2024 онуудад давс, бодис нийлүүлсэн худалдан авах ажиллагаанд шалгарсан 6 компанид дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд тухайн компаниуд нь тусгай зөвшөөрөлгүй, гаалиар ямар нэгэн төрлийн "цас хайлуулах" бодис оруулж ирээгүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд сүүлийн 3 жил давс, бодис нийлүүлсэн "Мөнх сонор" ХХК, "Койн хаус" ХХК, "Масс теч" ХХК, "Гадаад даян" ХХК, "Амето" ХХК, "Дабльхас" ХХК-иуд нийтийн эзэмшлийн зам, талбайд ашиглах тусгай зориулалтын химийн бодисыг хилээр нэвтрүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 334/104 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам"-ын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авах ёстой байтал аваагүй бараа материал нийлүүлсэн байна.

Тендер худалдан авах ажиллагаагаар 2022 онд "Мөнх сонор" ХХК, 2023 онд "Койн хаус" ХХК, 2024 онд "Масс теч" ХХК, "Гадаад даян" ХХК, "Амето" ХХК, "Дабльхас" ХХК шалгарчээ. Гэтэл тус компаниуд албан ёсны "цас хайлуулах" гэдэг нэрээр гаальд бараа материалыг мэдүүлээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна. 

Тухайлбал,

  • "Масс теч" ХХК, "Дабльхас констракшн" ХК нар нь "давс, бодис" гэдэг нэрээр улсын хилээр бараа материал нэвтрүүлээгүй, бүрдүүлэлт хийгдээгүй, бараа импортлоогүй байна. Гэтэл Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2023-2024 онд "Масс теч" ХХК-400 тн, "Дабль хас" ХХК-400 тн-ыг тус тус нийлүүлжээ. Мөн "Масс теч" ХХК нь дээрх онуудад нийт 112 бүрдүүлэлт хийсэн ч огт давс, бодис сүүлийн 5 жилд оруулаагүй байна.
  • "Дабльхас констракшн" ХХК нь 2020-2021, 2023-2024 онд хилээр бараа материал огт нэвтрүүлээгүй,
  • Койн хаус" ХХК 2023 онд ямар ч бүрдүүлэлт хийгдээгүй, гаалиар бараа, материал импорт хийгдээгүй атал 2023 онд Нийслэлийн Захирагчийн ажлын албанд 2700 тн бодис нийлүүлсэн байх аж.
  • "Мөнх сонор" ХХК нь 2022 онд 25110 ам.долларын үнэ бүхий давс нэрээр хилээр оруулсан ч Нийслэлийн Захирагчийн ажлын алба 2022 онд 1000 тн давсыг тус компаниас авсан байна. 
  • "Гадаад даян" ХХК нь 2023 онд Нийслэлийн Захирагчийн албанд бодис нийлүүлсэн гэх боловч хилээр ямар ч бараа материал нийлүүлээгүй. 400 тн давсыг худалдан авсан байна. Харин БНХАУ-ын Weifang Haizgiyuan Chemistryand industry Co.,Ltd-ээс 2024 онд 3 удаагийн бүрдүүлэлт хийсэн байна. Тодотговол нэгдүгээр сарын 9, нэгдүгээр сарын 12, нэгдүгээр сарын 29-ний өдөр хилээр 78042,635 ам.долларын давсыг нэвтрүүлсэн байна. 
  • "Амето" ХХК нь 2023 онд Нийслэлийн Захирагчийн албанд бодис нийлүүлсэн гэх боловч ямар ч бүрдүүлэлт хийгдээгүй, бараа материал оруулаагүй аж. Гэтэл Нийслэлийн Захирагчийн албанаас тус компанитай 400 тн давсыг худалдан авсан байжээ. Харин БНХАУ-ын Weifang Haizgiyuan Chemistryand industry Co.,Ltd-ээс 2024 онд 7 удаагийн бүрдүүлэлтээр 27885,249 ам.долларын давсыг хилээр оруулсан байна.

Товчхондоо, "давс" "бодис" нэрээр хилээр бараа материал огт оруулж ирээгүй "Масс теч" ХХК, "Дабльхас констракшн" ХХК компаниудыг тендерт шалгаруулсан байна. Мөн тендерт шалгарсан гэх компаниудын тендерт оролцсон мэдээллийг харахад "давс" "бодис" нийлүүлэх чиглэлээр оролцоогүй "Масс теч" ХХК, "Гадаад даян" ХХК, "Дабльхас констракшн" ХХК-иуд байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Тиймээс АТГ-аас "Жил ирэх тусам давс, бодис нийлүүлэлт ихсэж, худалдан авалт их хийгдсэн хэдий ч замын халтиргаа, гулгааны асуудлыг шийдэж чадахгүй иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, төсвийн үргүй зарцуулалт бий болж байгаа нь авлигын гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдэж байна" гэж үзэж, Хотын дарга Х.Нямбаатар албан бичиг илгээсэн байна.