Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харвал 2023 оны тавдугаар сард БНСУ-аас 7.2 мянган жуулчин ирж байсан бол энэ оны тавдугаар сард хоёр дахин нэмэгдэж, 14 мянга хүрчээ. Иймд өнгөрсөн оны үзүүлэлтийг давтах, эсвэл давах шинж ажиглагдаж байгаа юм.
Өнгөрсөн оны зунаас хойш БНСУ-ын алдартай жүжигчдийн оролцсон шоу, сошиал сүлжээнд олон дагагчтай инфлюенсерүүдийн контент хандалт сайтай байсны үр дүнд энэ онд солонгос жуулчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн манай талаас ч тус улсын жуулчдыг татах хүчин чармайлт гаргаж, ялангуяа өвлийн аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд зарлаад буй.
БНСУ-ын иргэдийн визийн чөлөөлөлтөөс гадна хоёр улс хоорондын нислэгийн давтамж, аяллын компаниудын багц үйлчилгээ гэсэн суурь хүчин зүйлс ч жуулчдын урсгалд нөлөөлж буй. Түүнчлэн 2023 оны VI-VIII сарын хооронд солонгос жуулчдын захиалсан Монголын аяллын багц хөтөлбөрийн тоо өмнөх оноос 284.3 хувиар өссөнийг “JoongAng Daily” сонин мэдээлжээ.